АНУ-ЫН ЕБС-ИУД ТАНХИМЫН СУРГАЛТАА НЭЭХГҮЙ БАЙХААР ШИЙДЖЭЭ

АНУ-ын Вашингтон ДС хотын захирагч Муриэл Баузер ирэх намар нийслэлийн хэмжээн дэх ерөнхий боловсролын бүх сургуулиуд бүтэн цагийн онлайн хэлбэрээр сургалтаа эхлүүлнэ гэж мэдэгдлээ.

Тэрээр баасан гаригт хэвлэлийн хурал хийх үеэрээ цар тахлын улмаас Вашингтон ДС хотын бүх улсын сургуулиуд коронавирусийн нөхцөл байдал сайжиртал сургуулийн байранд хичээллэхгүй байх нэгдсэн шийдвэрт хүрсэн болохыг танилцуулсан байна.

Муриэл Баузер өмнө долоо хоногийн хоёр өдөр сургуулийн байранд хичээл явуулж, гурван өдөр цахимаар хичээллэх холимог хувилбарыг санал болгож байсан юм. Гэсэн ч сүүлийн өдрүүдэд АНУ болон Вашингтон ДС хотын хэмжээнд “COVID-19”-ийн өвчлөл огцом нэмэгдэж байгаатай холбоотойгоор уг төлөвлөгөөг цуцалж, сурагчдыг бүрэн цахим хэлбэрээр суралцуулах хувилбарыг сонгосон байна. Ийнхүү Вашингтон ДС хотын сурагчид ирэх арваннэгдүгээр сарын 9 хүртэл цахим хэлбэрээр хичээллэхээр болсон бөгөөд үүний дараа цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан цахимаар хичээллэхийг үргэлжлүүлэх эсвэл холимог байдлаар хичээллэх эсэх асуудлыг дахин хэлэлцэж, зохицуулах аж.

Вашинтон ДС хотын Боловсролын асуудал эрхэлсэн орлогч дарга Пол Кинн энэ талаар “Олон мянган эцэг эхийн хүсэлтийн дагуу бид энэ шийдвэрт хүрсэн. Эцэг эхчүүд сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдлыг нэн тэргүүнд тавихыг биднээс хүссэн” гэжээ. Хотын захирагч Муриэл Баузер мөн адил хэвлэлийн бага хурлын үеэр вирусийн тархалтын нөхцөл байдал, эцэг эхчүүд болон багш нарын эвлэлээс тавьсан эсэргүүцлийг үндэслэн шинэ хичээлийн жилийг бүрэн цахим хэлбэрээр явуулах шийдвэр гаргасан талаар дурдсан байна.

Вашингтон ДС хотын багш нарын эвлэл багш, эцэг эхчүүдэд хандан цахим орчинд “#OnlyWhenItsSafe” гэх хэштег доор Муриэл Баузерын өмнө нь танилцуулсан сургуулийн байранд хоёр өдөр, цахимаар гурван өдөр хичээллэх холимог хувилбарыг эсэргүүцэхийг уриалж байсан юм. Вашингтон ДС хотын багш нарын эвлэл пүрэв гаригт “Хэрэв эрх баригчид манай багш, сурагчид болон нийгмийн эрүүл мэнд, аюулгүй байдлын бүрэн хангаж чадсан тохиолдолд бид хэвийн горимоор сургууль дээрээ сургалтын үйл ажиллагаа явуулахад бэлэн. Үүний зэрэгцээ бид сурагчиддаа цахим байдлаар хэрхэн үр дүнтэй, чанартай мэдлэг олгох тухай асуудал дээр нухацтай ажиллаж байна” гэж мэдэгдсэн байна.

Эх сурвалж: ABC News

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах