Банкууд 2019 онд 386 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх өнгөрсөн сарын  27-нд Төрийн ордонд мэдэгдэл хийв. Тэрээр эдийн засгийг сэргээх, долоон багц арга хэмжээ авах болсноо танилцуулсан. Энэ үеэр гүйцэтгэх засаглалын тэргүүн банкны салбарт шинэчлэл хийх хэрэгтэй, банкууд хадгаламжийн хүүгээ бууруулах хэрэгтэй гэсэн юм.

Мөн УИХ-ын дарга Г.Занданшатар УИХ-ын чуулганы хаврын чуулганыг нээхдээ мөн л банкны салбарын шинэчлэлийг хөндөв. Ерөнхий сайд болон Сангийн сайдын дуу нэгтэйгээр анхааруулсанчлан таагүй гэж тодотгож буй шинэчлэлд чухам ямар арга хэмжээ эсвэл хуулийн өөрчлөлт нуугдаж байгаа нь одоогоор тодорхойгүй байна.

Тэгвэл манай эдийн засгийн 88 хувийг дангаараа эзэлдэг банкуудын чадавх, үзүүлэлтүүд ямар байна вэ?

Арилжааны банкны үндсэн үүрэг нь мөнгөн хөрөнгийн илүүдэлтэй байгаа хэсгээс хөрөнгийг татаж, дутагдалтай байгаа хэсэгт шилжүүлэн, харилцагчдын итгэл дээр суурилсан санхүүгийн зуучлалын үйл ажиллагаа үзүүлэх, харилцагчдын хоорондын төлбөр тооцоог хийж гүйцэтгэх бөгөөд эцсийн зорилго нь санхүүгийн үйлчилгээгээр дамжуулан ашиг олох явдал билээ.

2019 оны эцсээр нийт 13 арилжааны банк үйл ажиллагаа явуулж байна. Монголбанкны тодорхойлсноор банкны системд нөлөө бүхий банкуудад Хаан банк, ХХБ, Голомт банк, Хасбанк, Төрийн банк, Улаанбаатар хотын банк гэсэн 6 банк багтаж байна. Эдгээр банкууд нь системийн 90-ээс дээш хувийг бүрдүүлж буй юм.

Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төв Банкуудын 2019 оны өрсөлдөөний тоймыг танилцууллаа:

НИЙТ АКТИВ = 35,8 ИХ НАЯД ТӨГРӨГ

Банкны салбарын нийт актив 2019 оны IV улиралд 35,8 их наяд төгрөг болж өмнөх улирлаас 0,9 их наяд (+2,6%) төгрөгөөр, өмнөх оны мөн үеэс 2,7 их наяд (+0.1%) төгрөгөөр өсжээ.

АЛДАГДАЛ = -31,6 ТЭРБУМ ТӨГРӨГ

Банкуудын өөрийн хөрөнгө 2019 оны IV улирлын байдлаар 3,0 их наяд төгрөг болж өмнөх оны мөн үеэс 0,23 их наяд төгрөгөөр буурчээ. Харин банкны салбарын ашиг 4-р улирлын байдлаар 31,6 тэрбум төгрөгийн алдагдалтай байна. Их хэмжээний алдагдал нь Капитал банкны дампуурлаас хамааралтай.

БАНКНЫ НӨӨЦ = 6,2 ИХ НАЯД ТӨГРӨГ

Банкны нөөц 2019 оны 4-р улирлын байдлаар 6,2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсчээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 1002 тэрбум төгрөгөөр өссөн байна.

БАНКНЫ НӨӨЦ = 6,2 ИХ НАЯД ТӨГРӨГ

Банкны нөөц 2019 оны IV улирлын байдлаар 6,2 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеэс 1,7 их наяд төгрөгөөр өсчээ. Харин өмнөх улиралтай харьцуулахад 1002 тэрбум төгрөгөөр өссөн байна.

ЧАНАРГҮЙ ЗЭЭЛ 10,9%

Нийт дотоодын зээл (цэвэр) өссөөр 2019 оны IV улирлын байдлаар 16.7 их наяд төгрөг болов. Харин чанаргүй зээлийн хэмжээ буурсан үзүүлэлттэй байна. 4-р улирлын байдлаар нийт чанаргүй зээл 1,8 их наяд төгрөг буюу нийт зээлийн (цэвэр) 10,9%-ийг эзэлж байна.

ИПОТЕК = 4,62 ИХ НАЯД ТӨГРӨГ

Ипотекийн зээлийн үлдэгдэл 2019 оны 4-р улирлын байдлаар 4,62 их наяд төгрөг буюу өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4,2%-иар өссөн байна.

ХАРИЛЦАХ+ХАДГАЛАМЖ=18,7 ИХ НАЯД ₮

2019 оны IV улирлын байдлаар банкны салбарын нийт хадгаламжийн хэмжээ 13,3 их наяд төгрөг, харилцах 5,4 их наяд төгрөг байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад хадгаламж 9%-иар, харилцах 18%-иар өссөн байна.

ПАССИВ = 32,8 ИХ НАЯД ТӨГРӨГ

2019 оны 4-р улирлын байдлаар банкны салбарын нийт пассив (өр төлбөр) 32,8 их наяд төгрөгт хүрч өмнөх оны мөн үеээс 3 их наяд (+10%) төгрөгөөр өсчээ.

БАНКУУДЫН ӨРСӨЛДӨӨН

Арилжааны банкуудын санхүүгийн байдал, үйл ажиллагааны үр дүн, өөрчлөлт хөдөлгөөнийг харуулдаг мэдээллийн гол эх сурвалж бол банкуудын санхүүгийн тайлан юм. Банкуудын өрсөлдөөний тоймыг гаргахдаа санхүүгийн хураангуй тайланг ашиглан дараах үзүүлэлтүүдийг харьцуулсан болно. Актив, зээл, харилцах, хадгаламж, ашиг гэсэн үзүүлэлтээр арилжааны банкуудыг харьцуулахдаа активын хэмжээгээр нь

  • Том-3 банк,
  • Дунд-3 банк,
  • Бусад банкууд гэж ангилсан байна.

АШИГ

2019 оны 4-р улирлын байдлаар тайланд орсон 13 арилжааны банкуудын санхүүгийн тайлангийн нийлбэр дүнгээр банкууд нийт 386 тэрбум төгрөгийн ашигтай (татварын дараах дүн) ажиллажээ. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банкны ашиг 15%-иар буюу 44 тэрбум төгрөгөөр өсч 337 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Дунд-3 банкны ашиг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 140%-иар өсч 29 тэрбум төгрөгийн ашигтай ажиллажээ. Харин жижиг банкуудын хувьд 50,2 сая төгрөгийн алдагдалтай ажиллажээ.

АКТИВ

Тайлант хугацаанд тайланд орсон 13 банкны нийт актив 32,7 их наяд төгрөг байна. Том-3 банк нийт активын 68,5%, Дунд-3 банк 23,5%, жижиг банкууд 8%-ийг эзэлж байна. 1 жилийн өмнөх мөн үетэй харьцуулахад том-3 банкны актив 10%, дунд-3 банкны актив 10%, жижиг банкуудын актив 13%-иар тус бүр өсчээ.

ЗЭЭЛ

Тайлант хугацаанд тайланд орсон 13 банкны нийт зээлийн үлдэгдэл 17,2 их наяд төгрөг байна. Үүнээс 66%-г Том-3 банк, 25,2%-г Дунд-3 банк 8,7%-г жижиг банкууд бүрдүүлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк 8%-иар, Дунд-3 банк 2%-иар буурсан бол, жижиг банкууд 24%-иар тус тус зээлийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Харин нийт дүнгээр авч үзвэл банкуудын зээлийн хэмжээ сүүлийн нэг жилд 6,5% өсчээ.

ХАДГАЛАМЖ БА ХАРИЛЦАХ

Тайлант хугацаанд тайланд орсон нийт 13 банкны харилцах ба хадгаламжийн хэмжээ 22,2 их наяд төгрөг байна. Үүнээс 68,2%-г Том-3 банк, 24,1%-г Дунд-3 банк, 7,5%-г жижиг банкууд эзэлж байна. Өмнөх оны мөн үетэй харьцуулахад Том-3 банк 10%- иар, Дунд-3 банк 13%-иар, жижиг банкууд 23%-иар тус бүр харилцах ба хадгаламжийн хэмжээгээ нэмэгдүүлжээ. Нийт дүнгээр нь авч үзвэл харилцах болон хадгаламжийн хэмжээ 11,6%-иар өсчээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах