Б.Болороо: Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийнхаа нэрийг цэвэрлэж, сүнсийг нь амрааж чадлаа

Иргэн Б.Болороогийн нөхөр ажил үүргээ гүйцэтгэж яваад харамсалтайгаар амиа алдсан. Өнгөрсөн жилийн долоодугаар сард болсон хэргийн шүүх хурал болж, шийдвэрээ гаргасан талаар Б.Болороо өөрийн цахим хуудаснаа ийн нийтэлжээ.

НЭГ Ч ӨДӨР ШАНТРАХГҮЙ АРААС НЬ ЯВСААР КОМПАНИЙН ГЭМ БУРУУТАЙГ ТОГТООЛГОЖ ЧАДЛАА

Шүүх дээр ялж, жинхэнэ утгаараа ханийнхаа нэрийг цэвэрлэж, сүнсийг нь амрааж чадлаа.

Бүтэн жил 3 сарын турш ханийнхаа амь насаа алдсан хэргийг үнэн зөвөөр шийдүүлэхийн төлөө явлаа. Энэ хугацаанд хэчнээн шөнийг нойргүй хонож, хэчнээн өдрийг сэтгэл түгшин, хэчнээн хормыг шаналж өнгөрүүлснийг ээжээс минь өөр хүн мэдэхгүй, маш их тэвчиж, тэссэний үр дүнд өнөөдөр хэргийнхээ ард гарлаа.

Хамгийн гол нь “Хишиг Арвин Индустриал” ХХК-ий захирал Б.Хишигдорж гэм буруугаа хүлээн зөвшөөрч, ямар ч маргах зүйлгүй байсан, дээрээс нь чин сэтгэлийн уучлал хүссэн учраас шүүх хурал хурдан боллоо.

Би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Би анх лайв хийж тусламж хүсэхдээ ч, хэвлэлийн бага хурал хийхдээ ч, талбай дээр суулт хийхдээ ч, цензүргүй яриагаар орохдоо ч “хэн нэгний мууг үзэж, ял эдлүүлэх нь гол нь биш харин зөвхөн нөхрийнхөө нэр төрийг цэвэрлэнэ” гэсээр өнөөдрийг хүрсэн. Миний байр суурь хэзээ ч ганхаагүй ээ, тиймдээ ч миний нөхөрт хүн гарга гэж түлхүүр өгч явуулсан Мядагийг, ажил үүргээс гадуур ажил хийж байхад нь хяналт тавиагүй ХАБ хариуцсан хүнийг, камерын инженерийг нь яллагдагчаар татуулах байсан ч хүний мууг үзэхгүй гэсэндээ ингэж явсангүй ээ. Нөгөөтээгүүр би өөрөө хайртай хүнээ санаж шаналах, ганцаардахын зовлонг амсаж яваа, охин маань эцгийн хайр халамжаар дутаж яваа учир өөр хэн нэгнийг ийм зовлонг бүү амсаасай гэж чин сэтгэлээсээ хүсэж байна.

Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа

Ташрамд дурдахад хохирсон дээрээ хохироод үлдэхгүй гэж, охиныхоо ирээдүйг бодон хохирол, гэм уршгийг тооцон хохирлоо барагдуулж авсан.

Би нэг л зүйлийг маш сайн ойлголоо, Ямар ч хэрэг дээр шүүх эмнэлгийн дүгнэлт ямар гарна хэрэг бүхэлдээ тэгж шийдэгддэгийг, нас барсан хүн үг хэлэх биш гээд үхсэн хүний ясыг өндөлзүүлэхгүй гээд манайхан хаясаар байгаад хууль, шүүхийн байгууллагынхныг өөгшүүлж, ийм шударга бус байдлыг газар авахуулсан юм байна гэж.

Ямар ч байсан шаардаж, тэмцэж, араас нь явсаар байгаад шүүх эмнэлгийн болон мэргэжлийн хяналтын байгууллагын дүгнэлтийг үнэн зөвөөр тогтоолгож чадлаа, нэг ч өдөр шантрахгүй араас нь явсаар КОМПАНИЙН ГЭМ БУРУУТАЙГ тогтоолгож чадлаа хэмээн бичжээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах