Б.Индра: Нийслэлийн авто замыг бүгдийг нь эвдрэлгүй болгоно гэвэл 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай

Авто зам ашигласны хураамжийг ирэх сарын 1-нээс нэмэхээр болсон. Өөрөөр хэлбэл, 1000-2000 см3 хүртэл хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 100.000 төгрөг болж байгаа. Энэ төрлийн багтаамжтай машин 250.000 байдаг. Харин 4500-аас дээш хөдөлгүүрийн багтаамжтай машины авто зам ашигласны төлбөр 350.000 төгрөг болж шинэчлэгдсэн юм. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын даргын үүрэг гүйцэтгэгч Б.Индрагаас тодрууллаа.

-НИТХ-аар Авто зам ашигласны хураамжийг тав дахин нэмэхээр болсон. Үүнд иргэд нэлээн бухимдаж байгаа нь илэрхий байна. Тэгэхээр зам ашигласны хураамжийг нэмэх ямар шаардлага байсан талаар яриагаа эхлэх үү?

-Өнөөдрийн байдлаар Улаанбаатар хот 1000 гаруй км авто замтай байна. Үүний насжилтыг тооцоход 50-60 орчим хувь нь өндөр насжилттай байгаа юм. Насжилттай гэдэг нь 10-аас дээш жил ашигласан зам гэсэн үг. Гэтэл нийслэлийн зургаан дүүрэг болон алслагдсан дүүргийн замын ачаалал эрс нэмэгдсэн. Учир нь жилд ойролцоогоор 100 мянган тээврийн хэрэгсэл импортолж байгаа. Энэ оны эхний арваннэгэн сард гэхэд 90 мянган авто машин импортоор орж ирсэн байгаа юм. Ингээд нийт Улаанбаатарт 600 орчим мянган авто машин замын хөдөлгөөнд оролцож байна. Нийслэлд замын хөдөлгөөнд орж буй авто машины тоо ийнхүү нэмэгдэх тусам замын ачаалал ихсэнэ. Хөдөлгөөний эрчим ихсэх тусам өндөр насжилттай замууд бүр муудна. Авто замын чанарт нөлөөлдөг маш олон хүчин зүйл байдаг. Нэгдүгээрт, хөдөлгөөний ачаалал, хоёрдугаарт, иргэн, аж ахуйн нэгжийн буруутай үйл ажиллагаа, гуравдугаарт, борооны ус зайлуулах хоолойны асуудал гэх мэт. Гэтэл Авто замын сангийн хөрөнгө замуудын эвдрэлийг янзалж дийлдэггүй. Тодотгоод хэлэхэд, авто замын хураамжийг тав дахин нэмэгдүүлсэн ч зам засвар, арчлалтыг бүрэн хийж чадахгүй. Нийслэлийн авто замыг бүгдийг нь эвдрэлгүй, стандартын дагуу болгоно гэвэл 400 гаруй тэрбум төгрөг шаардлагатай. Хураамжаас орж ирж байгаа мөнгө нь Замын санд ордог. Эргээд замын сангаасаа замын арчлалт, засварт зарцуулагддаг. Гэтэл Замын санд жилд төвлөрсөн мөнгөөр тухайн жилийнхээ засах, арчлах шаардлагатай замынхаа 50 хувийг л янзалдаг. Үлдсэнийг нь дараа жил гээд л хойшуулдаг. Иргэд мэдэх байх, нийслэлд байгаа замууд бүтцийн эвдрэлд орсон, хагарал ихтэй байдаг. Эдгээр замыг нөхөөд байдаг. Гэвч энэ замуудыг хэсэгчлэн юм уу, бүгдийг нь шинэчлэх шаардлага аль хэдийнэ үүссэн байдаг. Нөхөөс хийж байгаа энэ мөнгө нь иргэдийн халааснаас л гарч байгаа. Гэвч эргээд энэ замын эвдрэлийг засахаас өөр шаардлага байхгүй шүү дээ. Нүхэн эвдрэл гарсан замаар иргэдийг зорчуулаад байж болохгүй. Ингэхээр хүссэн хүсээгүй нөхөөс хийдэг. Гэвч дараа жил нь нөхөөс хийгээгүй хэсэг нь эвдэрдэг. Их засвар хийгээд  шинэчилье гэхээр үнэхээр хөрөнгө хүрдэггүй. Тиймээс Замын санд зам засах хэмжээний мөнгө хуримтлуулаад нэг мөсөн замаа шинэчилье гэж байгаа юм.

-Авто замын санд өмнөх жилүүдэд хэдэн төгрөг төвлөрдөг байв. Ирэх онд хэдийг төвлөрнө гэж тооцож байгаа вэ?

Авто замын санд өмнөх жилүүдэд 36 тэрбум төгрөг төвлөрсөн. Энэ нь зөвхөн зам засварт зарцуулагдахгүй. Замын хөдөлгөөний удирдлагын төвд хуваарилагдаж, замын гэрэл, шилэн кабелийн шинэчлэл, засварт зарцуулагдана. Мөн социализмын үед тавигдсан замуу борооны ус зайлуулах шугам сүлжээ тааруу байдаг. Үүнийг шинэчлэх өргөтгөхөд бас хуваарилна. Нийтийн тээврийн буудлыг тохижуулах гэх мэтэд зарцуулна. Ингэж нэмснээр ойролцоогоор санд 100 гаруй тэрбум төгрөг төвлөрнө гэж тооцож байгаа. Гэсэн ч энэ мөнгө шаардлагатай зүйлсээ хийхэд хүрэхгүй. Уг нь сангийн хөрөнгө хураамж болон хүү, торгуулийн мөнгө, төлбөртэй зогсоол зэргээс бүрддэг.  Авто зам ашигласны төлбөрийг нэмэгдүүлээд санд орж ирэх мөнгө тэр хэрээрээ нэмэгдвэл бид хөдөлгөөн ихтэй газар нүхэн гарц, гүүрэн гарц хийхээр төлөвлөж байна. Энэ нь түгжрэл бууруулах бас нэг арга юм. Алслагдсан дүүргийн иргэд олон км явж нийтийн тээвэрт суудаг талаар гомдол ирүүлдэг. Тэгэхээр алслагдсан газруудад зам тавьж, нийтийн тээвэр явуулах зэрэг төлөвлөсөн ажил маш их байна.

-Хөдөлгүүрийн хувьд ялгаатай байгааг тайлбарлахгүй юу?

-Дэлхийн жишиг буюу том хөгжилтэй хотууд авто машингүй болохоор төлөвлөж, төрийн байгууллага нь тэгж ч ажилладаг. Иргэд нь ч үүнийг ойлгодог.  Нийтийн тээврийн хүртээмж, эрүүл аюулгүй байдал гэх мэтэд нь анхаардаг. Түүнийгээ дагасан дугуйн замаа стандартын дагуу хийдэг. Ингээд шат дараатайгаар авто машингүй болдог байна. Энэ жишгийг хараад хөдөлгүүрийн хувьд ялгаатай байхаар шийдвэрлэсэн. Ер нь том мотортой авто машин хорт хий гаргаж л байгаа. Гэхдээ ингэж тав дахин нэмэгдүүлж байгаагийн гол зорилго нь нийслэлийн авто замыг чанартай болгоё, борооны ус зайлуулах шугам сайн хийе, дугуйн болон явган замаа түлхүү хийе гэж ингэж зорьж байгаа. Хүн гэрээсээ гараад ажил руугаа дугуйгаар явах боломжийг бүрдүүлье гэж байгаа. Газрын албатайтайгаа хамтраад газар чөлөөлөлтийг нь зохицоод хийнэ. Энэ мэт зорилтоо биелүүлэхэд замын сангийн хөрөнгөө нэмэх хэрэгтэй байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах