ГОЁ МЭДЭЭ: “БОЛОР ЦОМ-37” наадмын Тэргүүн шүлэг

Монголын Зохиолчдын Эвлэлээс жил бүр уламжлал болгон зохион байгуулж, оны шилдэг яруу найрагчийг тодруулдаг “Болор цом-37” наадам өнөөдөр Багануур дүүрэгт амжилттай болж өндөрлөлөө. “Болор цом-37” наадмын айргийн тавд яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга, Т.Баянсан, Б.Энхжаргал, Д.Жамбалдорж нар шалгарч үлдээд байсан юм.

Шүүгчдийн үнэлгээгээр “Болор цом-37” наадамд яруу найрагч Б.Жамбалдорж тэргүүн байр эзэллээ. Яруу найрагч Б.Энхжаргал хоёрдугаар байр эзэлсэн бол яруу найрагч Т.Баянсан гуравдугаар байрыг тус тус эзэлсэн юм. “Болор цом-37” наадмы тусгай байрт яруу найрагч О.Цэнд-Аюуш, Э.Гантулга нар шалгарлаа.

Уншигчдадаа тэргүүн байрын шүлгийг толилуулж байна:

ЖАМЫН ЦАС

Бургасан унь нахилзуулан гэрийн цас шүүрдэж
Бусдын дээгүүр будрууланхан байхдаа
Үүдээр цухуйх аавынхаа дээрээс
Үлээсэн цас минь үснийх нь сор болсон
Халуун уур савссан тооноор унасан цас
Хайртай ижийн минь санчигт бас хүрсэн
Хааш яайш цацан бужигнуулсн цасан дор
Хамгийн бага дүү минь алгаа дэлгэж зогссон
Өглөө эртээ явсан ижийнхээ мөрийг шүүрдэж
Өдөр явах замаа гаргаж зогсдогсон би
Шинэхэн цас орсон өглөө
Шинэ мөр хайгаад л ижийгээ саначихлаа
Тийм дотно мөр, харалгүй удаж ээ
Тэнгэрээс нэг удаа үзүүлээд өгдөг ч болоосой
Зөөлөн гишгэх алхаан дундаасаа
Зөн минь сэрээд л ижийгээ ирэх нь гээд итгэчихлээ
Явган хүний ганц нарийхан жимээр
Явсаар ижийдээ хүрнэ гээд сэтгэчихлээ
Дээрээс хэн нэгэн харж байгаа бол
Дэрсэн шүүрээр би бурханы тиг татаж харагдана
Нэвсийтэл дарсан цасан дунд нэг хүү
Нээрээ л ижийгээ санаж дээ гэж бодогдоно
Мөр, нуруун дээр минь зузаан цас малгайлахад
Мөн чиг хүнд санагдаад ажин түжин
Мөнх бусын тухай эргэцүүлэхэд тэр цас
Мөрийг минь дарж хаялаад үнэн санагдана
Огторгуй өөд ширтэн ширтэн хэвтэхэд
Олон морьтон давхилдсаар нүдэн дотор минь унана
Жамын тухай бодоход мөн чанар нь танигдаад
Жаргал зовлон хоёр минь тэнцүүхэн болчихно
Нэг л өвлийн цастай амьдрал гэдэг сууринд
Нээрээ л би чинь будраад өнгөрөх цас аа

(Яруу найрагч Б.Жамбалдорж)

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах