Г.ЗАНДАНШАТАР: УИХ ДАРААХ ТАВАН АЖЛЫГ ЯАРАЛТАЙ ХИЙНЭ

УИХ-ын сонгуульд 62 суудал авсан эрх баригч МАН анхдугаар чуулганы хуралдуулж, тангараг өргөв. Мөн УИХ-ын даргаар өнгөрсөн парламентын хоёр жил ажилласан Г.Занданшатарыг хуралдаанд оролцсон гишүүдийн 100 хувийн саналаар улираан томилов.

УИХ ЯАРАЛТАЙ ТАВАН АЖИЛ ХИЙНЭ ГЭВ

УИХ-ын даргын хэлсэнчлэн энэ парламент ойрын хугацаанд таван асуудлыг хөндөж, ажлын хэсэг байгуулж, ажилдаа шуурхайлан орно гэв.

  • Хуулийн реформ хийх ажлаа хугацаа алдалгүй үргэлжлүүлэх хэрэгтэй байна. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” томоохон хуулиуд биднийг хүлээж байна. Эхний ээлжинд 37 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж, шинэчлэн найруулах шаардлагатай. Үүнд Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай, Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай, Шүүхийн тухай, Үндэсний баялгийн сангийн тухай зэрэг олон хууль биднийг хүлээж байна. Заримынх нь эхний хэлэлцүүлгийг хийсэн, төсөл нь бэлэн болсон байгаа. Шууд хэлэлцэж эхлэхэд ямар ч саад байхгүй.
  • Эдийн засгаа эрсдэлээс хамгаалах, өсөлтийн суурийг бүрдүүлэх, мөрийн хөтөлбөрт багтсан амлалтаа хэрэгжүүлэх ажилд шуурхайлан орох шаардлагатай байна. Коронавирусийн халдварт цар тахлын нөлөөллөөс эдийн засгаа, иргэдээ хамгаалах, ажлын байр, экспортыг нэмэгдүүлэх, нэгэнт авч хэрэгжүүлсэн арга хэмжээг үр дүнд хүргэх нь чухал байна. Тухайлбал, банк санхүүгийн реформыг үргэлжлүүлэх, зээлийн хүүг бууруулж 1 оронтой тоонд хүргэх, ипотекийн зээлийн хүртээмжийг нэмэгдүүлж, хүүг багасгах зэрэг шийдвэрийг Улсын Их Хурал нэн яаралтай гаргахыг ард түмэн хүлээж байгаа.
  • Эдийн засгаа солонгоруулахын тулд эхний ээлжинд хос морьтой болж, уул уурхайгаас хэт хамааралтай эдийн засгаа өөрчилж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжих төрийн бодлого өнөө маргаашгүй бодит ажил хэрэг болж эхлэх шаардлагатай байна. Үүний тулд хүнс, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг санхүү, зээл, татварын бодлогоор дэмжих, мал аж ахуйн гаралтай түүхий эдийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэх, экспортын чиг баримжаатай хөгжүүлэх зарчмыг хангасан шийдвэрүүдийг гаргах нь зайлшгүй чухал юм.
  • Төрөө төвшитгөх, сайн засаглалыг бүрдүүлэх үүргийг бид ард түмнээсээ авсан. Энэ хүрээнд төрийн бүх шатанд сахилга хариуцлагыг бэхжүүлж, ёс зүйг сахиулахад эн тэргүүнд анхаарах хэрэгтэй байна. Иймд Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороог Ёс зүйн байнгын хороо болгон өргөтгөх ёстой гэж Улсын Их Хурлын даргын хувьд үзэж байна. Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд туссан Хянан шалгах түр хорооны үйл ажиллагааг нэн яаралтай журамлаж, хуульчлах хэрэгтэй байна. Энэ бүтцүүдээр дамжуулан зөвхөн Улсын Их Хурлын гишүүдийг биш, нийт төрийн албан хаагчдад хариуцлага, ёс зүйг хэвшүүлэх, тэдний үйл ажиллагааг хянан шалгах байнгын ажиллагаатай тогтолцоог бүрдүүлэх шаардлагатай гэж үзэж байна.
  • Иргэдийн нийгмийн хамгааллын чиглэлээр нэгэнт авч хэрэгжүүлж байгаа бодлогыг цаашид тууштай үргэлжлүүлж, Монгол Ардын Намын мөрийн хөтөлбөрт багтсан “Элэг бүтэн Монгол”, “Хуримтлалын нэгдсэн сан”, “Тэтгэврийн шинэчлэл”, “Бага өртөгтэй орон сууц”, “Тогтвортой амар амгалан гэр бүл” зэрэг олон хөтөлбөрийг ойрын үед эцэслэн боловсруулж, батлуулах шаардлагатай байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах