ДАРГА НАР АА: “БИ БУРУУГҮЙ, МАНАЙ ТАЛ БУРУУГҮЙ” ГЭСЭЭР СУУТАЛ ЧИНЬ ХЭДЭН ЗУУН ХҮН АМЬ НАС, ЭД ХӨРӨНГӨӨРӨӨ ХОХИРСООР БАЙХ УУ?

Дарханы замыг 2019 оны 4 сард хуулж хаяхдаа 2019 ондоо багтааж дуусгана гэж байсан боловч өдийг хүртэл таг. Ажил явахгүй шалтгааныг нэхэж, асуудал тавихаар эхэндээ гүйцэтгэгч компаниуд нь удаашралтай ажиллаж байгаагаас гэж, харин гүйцэтгэгч компаниуд нь цаг агаарын нөхцөл байдал, бороо шороо нөлөөлж байна гэсэн тайлбар тавьсаар… Ямартай ч дарга нарын буруу гэх тайлбар нэг ч гаргаагүй. Сүүлдээ гүйцэтгэгч талын хятад ажилчдыг короногийн үеэр оруулж ирэх гэлээ гэсэн сөрөг хүчний боломжийг алдахгүй гэсэн сонгуулийн өмнөх тактик ажиллагаа биелэлээ олж, бас л ажил зогссон.

Үнэндээ Ардчилсан намын угшилтай хүмүүс голдуу удирдсан хятад ажилчдыг оруулж ирэхийг эсэргүүцсэн жагсаал нь сонгуулийн өмнө Дарханы замыг ашиглалтанд оруулсан гэх бас нэг том оноог өрсөлдөгчиддөө алдчих вий гэсэн айдсаас үүдэлтэй тактикийн шинжтэй жагсаал байснаас биш короновирусээс үүдэлтэй айдас ч биш байсныг олон хүн ойлгосон.

Ямартай ч одоо энэ замыг хуулж хаяснаас хойш энэ зам дээр гарах ослын тоо нэмэгдсээр…. Өнгөрсөн хугацаанд зөвхөн энэ зам дээр амиа алдагсдын тоо улам бүр нэмэгдсээр, жил гаруйн хугацаанд 500 гаруй осол гарч, 100 гаруй хүн амь насаа алдаад байна. Шинэ парламент эхэлснээс хойш иргэд ч Дарханы замыг ажлыг шуурхайлан нэхэж, зарим шинэ гишүүд ч энэ тал дээр идэвхийлэн ажиллаж, шаардлагыг тавьж, тодруулга хийж яваа харагдана. Гэвч хариулт болоод үр дүн нь ердөө л буруутан хэн байв? гэдэг дээр л төвлөрөх маягтай. Угтаа бол одоо буруутныг биш, ажлыг хурдавчлан дуусгахад төвлөрөх хэрэгтэй байгаад байгаа юм.

Гэтэл бүх л тал “би буруугүй” гэсэн тайлбарыг тавьж, нэрээ хайцаалж суух. Хамгийн сүүлийн тайлбар нь гэхэд л Хятадын талын гүйцэтгэгч компаниудын буруугаас болж ажил хойшилсон болж таарав. Ашгүй манай тал, манай дарга нар бас л буруугүй болж хоцров. Ашгүй гээд тэгвэл одоо хоцрох уу? Үгүй шүү. Судлаад үзэхээр Хятадын талын гүйццэтгэгч компаниудыг сонгохдоо замын ажил хийх ямар ч туршлагагүй, учир битүүлэг компаниудыг сонгосон байна, учрыг нь тодруулж хариуцлага нэхнэ гэсэн мэдэгдлийг УИХ-ын гишүүн Г.Дамдинням сошиал хуудсандаа тавьсан байсан. Тиймээс тийм туршлагагүй компаниудыг яагаад сонгосон?

Ямар учир шалтгаан байв? Туршлагагүй компанийг сонгосон , ажилдаа хайхрамж, хариуцлагагүй хандсан манай дарга нарт тэгвэл огтхон ч буруу байхгүй юу?? Гэдэг дараа дараагийн асуултууд гарч ирсээр байх болно шүү. Тиймээс арьсаа хамгаалчихлаа гээд тайван сууж болохгүй нь дээ. Гэвч одоо тавих хамгийн чухал дараагийн асуулт бол хэн буруутай чинь одоо чухал биш. Хэдийд энэ зам ашиглалтанд орж, аятай тухтай, гол нь чанартай баталгаатай замаар иргэд амгалан тайван зорчиж эхлэх вэ? гэдэг асуулт байгаа юм. Иргэд эхлээд энэ асуултыг л та бүхэнд тавина. Харин дараа нь буруутан болоод хариуцлага алдсан, ажлыг ашиг болгож харсан албан тушаалтнуудыг нэг нэгээр нь “хайж” эхэлнэ.
Дарханы замыг бариагүй буруутныг биш, дарханы замын ажлыг хурдлуулах арга замыг хайх хэрэгтэй байна дарга нар аа!!!

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах