Ерөнхий сайд өөртэй нь андуурагдсан Б.Намхайжамц хүүг хотод урьж, уулзахыг хүсжээ

Өнгөрөгч оны арваннэгдүгээр сард /2019.11.13/ олон нийтийн сүлжээгээр Монгол дээл өмсөж, дэлдэн чих нь гэрэлтсэн хүүгийн зураг түгж, “Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багын зураг” хэмээн андуурагдсан. Улмаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч /2019.11.14/ нүүр хуудсандаа “Хүмүүсийн цагаахан хөөрхөн талцсан постууд, асуусан чатууд их ирж байгаа тул хариулт өгье. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн багынх нь зураг шүү. Инээд бие биедээ бэлэглэсэнд нь Ерөнхий сайд талархаж байгааг дамжуулж байна” гэж хошигнон бичсэн билээ.

Ерөнхий сайдын бага насных нь зураг хэмээн андуурагдсан хөрөг зургийн дүр нь Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын малчин айлын зургаан настай хүү Б.Намхайжамц байв. Б.Намхайжамц хүүгийн зургийг зурагчин н.Батдарь 2018 оны арваннэгдүгээр сарын 05-ны өдөр дарсан нь ийнхүү Ерөнхий сайдтай андуурагдах эхлэл болсон.

Түүний эгч Б.Баасандулам “Ерөнхий сайдын ажлын албаныхан манайхтай ярьж, холбогдсон. Намхайг хотод урьж уулзах хүсэлт тавьсан юм. Улаанбаатар хотод болсон нэг үйл ажиллагаанд уригдсан 20 хүүхдийн нэгд багтаасан байсан. Харамсалтай нь тухайн үед  цаг агаар муу байж таараад онгоцоор нисэж чадаагүй. Тэгээд нисэж чадаагүй учир байдлаа хэлэхэд дараагийн уулзалтад урихаар болсон юм. Ойрын хугацаанд ээж, аав нь хөдөөнөөс орж ирвэл, Намхайг хот руу явуулах байх” гэсэн юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах