Есөн настай охины зовлон шаналлыг өөр бяцхан зүрх дахин бүү мэдрэг

    Есхөн жилийн өмнө орчлонг гийгүүлэн мэндэлсэн охин үр хорвоог орхилоо. Гэхдээ тэр хүний ёсоор бус зэрлэг балмадын гараар дотор гэдсээ задарч, няцартал зодуулж, төсөөлшгүй харгислалын золиос болов. Бэхжиж ургаагүй яс, төлжиж гүйцээгүй бие, сайхан бүхнийг мэдэрч амжаагүй зүрхэндээ хэчнээн их өвдөлт, шаналлыг мэдэрсэн бол. Хайрлах зүрхгүй хүн сүг, хамгаалаад аваад явчхаагүй ээждээ хэчнээн гомдсон бол, тэр бяцхан зүрх. Сурч, тоглож, инээж, юунд ч санаа зовохгүй жаргалтай байх зүрх нь хүн дүрстэй араатны харгислалд хэчнээн их зүсэгдээ бол. Гэсэн ч тэр өнгөрсөнд хавиргаа нэлэнхийдээ хугалуулчхаад бороолтол нь тэсэж, тэмцэж явж. Гэрээсээ зугтаж ч үзэж.

Эцэст нь үхэлтэй тэмцэхдээ ээждээ үнсүүлж, энгэрт нь тэврүүлэхийг,  эгчтэйгээ, дүүтэйгээ жаргалтай амьдрахыг ямар их хүсээ бол. Орхиод явсан ч ааваасаа хэчнээн их аврал ирсэн бол, тэр хооронд.

Нүүрээ халцартал, хавиргаа хугартал, гэдсээ задартал зодуулах хэний ч төсөөлшгүй яргаллыг бяцхан охин даван туулсан ч, бие нь дийлсэнгүй.  Өөр шиг нь зовлон харгислалыг мэдэрдэг, ирээдүйд ийм аюулд өртөж мэдэх хүүхдүүдийн бараан замыг амиараа гэрэлтүүлэхээр тэр тэнгэрт дэвшлээ. Нийгэмд улиг болсон гэр бүл салалт, хүчирхийллийн золиос нь бяцхан хүүхдүүд гэдгийг тэр амиараа баталлаа. Харин одоо охины амь үнэтэй байсныг нотолж, түүн шиг олон хүүхдийн ирээдүйг гэрэлтүүлэх үүргээ биелүүлэхийг томчуудад хатуу сануулъя.

Хүүхдийг хүчирхийллээс хамгаалах 52 хууль байдаг ч хэрэгжилт хангалтгүй байна

Гэр бүлийн хүчирхийллийн хууль эрх зүйн орчинг сайжруулах шаардлагатай гэдэг ч хүүхдийн эрхийг хамгаалах 52 хууль хэдийнээ хэрэгжиж байгааг албаныхан мэдээлэв. Гагцхүү хуулийн хэрэгжилт хангалтгүй, хүүхдүүдээ хамгаалах төрийн үйлчилгээ эздэдээ очдоггүйн гайгаар олон мянган хүүхэд хүчирхийлэл дор амь тэвчин байна.

Сүүлийн гурван жилийн байдлаар 5043 хүүхэд хүчирхийлэлд өртсөнөөс 1000 орчим нь гэр бүлийн хүчирхийллийн хохирогч болсон гэсэн тоо баримт бий. Энэ зөвхөн бүртгэгдсэн хэрэг бөгөөд цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй хэчнээн хэрэг байгааг хэн ч тоолж мэдэхгүй.

Уг нь хуулиараа хүчирхийлэлд өртсөн хүүхдийг хамгаалж, илрүүлэх зорилготой олон байгууллагын мэргэжилтнүүд багтсан хамтарсан баг ажиллах ёстой. Дүүрэг, хорооны нийгмийн ажилтнууд айл өрх, хүүхдүүдийн нөхцөл байдлыг анхаарч, хүчирхийлэлд өртсөнийг нь мэдвэл зохих байгууллагад мэдээлэх ёстой. Тэр байтугай хүүхэд хүчирхийлэлд өртвөл хөршүүд хууль хяналтын байгууллагад мэдээлэх үүрэгтэй. Гэтэл хамтарсан баг хийгээд холбогдох албаныхны гаргадаг нэг гомдол нь төсөвтэй холбоотой. Өөрөөр хэлбэл, хамтарсан багийн үйлчилгээг орон нутгийн төсвөөс  санхүүжүүлэхээр хуульчилсан нь үр дүнд төдийлөн хүрэхгүй байгаагийн шалтгаан гэдэг.

Уг нь нэг үеэ бодоход хүүхэд хамгааллын чиглэлээрх төсвийн хэмжээ нэмэгдсэн. 2017 онд хүүхэд хамгааллын зардалд төсвөөс 297 сая төгрөг хуваарилсан бол 2018 онд нэмж, таван тэрбум төгрөг болгосон. Өнгөрсөн онд хүүхэд хамгааллын зардалд 8.1 тэрбум төгрөг хуваарилсан нь 6.4 дахин нэмэгдсэн үзүүлэлт юм.

Гэсэн ч олон жилийн турш хүчирхийлэлд өртөж, гэрээсээ зугтаж хүртэл тэмцсэн охин хэний ч халамж, анхааралд орж чадалгүй амиа алдсан нь хуулийн хэрэгжилт хангалтгүй, төрийн үйлчилгээ муу байгаагийн тод илэрхийлэл. Хатуухан хэлэхэд уриа лоозонгоос хэтрэхгүй байгаа ажлын үр дүн.

Гэр бүл төлөвлөлтийн суурь мэдлэгийг багаас нь олгоё

Хүчирхийллийг архидалт, ажилгүйдэл, эдийн засгийн байдалтай холбодог ч энэ нь шууд нөлөөлөхгүй. Үүнд хувь хүний нийгэмшил, өссөн орчин, сэтгэл зүй болон суурь хүмүүжил шууд нөлөөлж байна. Боловсролын системд энэ асуудлыг тусгаж, түүгээр дамжуулан гэр бүлийн харилцааны тухай, амьдрах ухааны чадвар суулгаагүй нь нөлөөлж буй.

Өөрөөр хэлбэл, төлөвлөөгүй гэрлэлтээс болж хүүхэд өнчирч, цаашлаад хойд эцэгтэй болох нь хүчирхийлэлд өртөх үндсэн нөхцөл болсныг хойд эцэгтээ зодуулсан, яргалуулсан, хүчиндүүлсэн, алуулсан хүүхдүүдийн сэтгэл шимшрэм мэдээллээс харж болно. Энэ нь залууст гэр бүл төлөвлөлтийн суурь мэдлэгийг сайн олгох ёстойг харуулж буй хэрэг. Гэрлэлт гэдэг айл гэрдэж тоглохоос өөр, хүүхэд гэдэг хүссэн үедээ орхиод явчихдаг гөлөг биш гэдгийг ухаарсан цагт гэр бүл салалт, хүчирхийлэл буурна.

Мөн хүчирхийллийг үл тэвчих төлөвшлийг багаас нь суулгах нь хүчирхийлэлтэй тэмцэх дэлхий нийтийн туршлага гэдэг. Тиймээс зөвхөн хууль хүчний  байгууллага хүчирхийлэлтэй тэмцэх биш, боловсролын анхан шатны байгууллага ч үүнд анхаарах шаардлагатай. Хүчирхийлэл үйлдэж болохгүй, хүчирхийллийг тэвчиж болохгүй гэдгийг багаас нь боловсрол болгон олгохгүй бол нийгмээрээ хүчирхийллийг хүлээн зөвшөөрчихсөн үеийн нөхдүүдийн хандлагыг өвлөж мэднэ.

Үндсэндээ есөн настай охины үхэлд гэр бүл салалт,  хүчирхийллийг тэвчсэн ээжийн буруу үйлдэл ихээхэн нөлөөлсөн. Гэхдээ охиноо хамгаалсангүй гэж үрээ алдсан эх хүнийг адлахаа больё. Гагцхүү хүчирхийлэл, харгислалын эсрэг амьсгал хураатлаа тэмцсэн амийг үнэгүйдүүлэх учиргүй. Есөн настай охины зовлон шаналлыг өөр бяцхан зүрх дахин бүү мэдрэг.

Эх сурвалж: Eagle.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах