ЗАСАГ ДАРГА АСАН Э.БАТ-ҮҮЛ ТӨВ ТАЛБАЙД СУУЛТ ЗАРЛАЛАА

“Гэр хороолол” хөдөлгөөнийнхөн өнөөдөр Сүхбаатарын талбайд жагсаал зохион байгуулж, майхан барин суулт зарлаад байна.
Тодруулбал, Нийслэлийн Засаг дарга асан, НИТХ-ын төлөөлөгч Н.Бат-Үүл тус суултыг дэмжин оролцож байна. Хөдөлгөөний зүгээс “Нэг хашааны газар 100 айлын орон сууц болж үрждэг бизнесийг улстөрчид, эрх мэдэлтнүүд биш харин газрын эзэд өөрсдөө хийхийг хүсч байна. Үүнийг УИХ, Засгийн газар, хотын даргаас удаа дараа шаардсан. Гэвч дарга нар гэр хорооллынхныг дорд үзсээр байна. Бид одоо л нэгдэж тэмцэхгүй бол нурсан хашаа, шавар шалбааг, үнс нурамтайгаа, улам ядуурсаар байх юм байна. Тиймээс газрын эзэд нэгдэж, УИХ-ыг тарахыг шаардъя. Гэр хорооллынхон сайхан амьдрах эрхээ нэхэж байна.
Бид ямар олуулаа, ямар хүчтэй вэ гэдгээ харуулах цаг иржээ” хэмээн цахим хуудсаараа мэдэгдэж, иргэдийг идэвхтэй оролцохыг уриалсан юм. Жагсаалд оролцогчид “Бид газрын эзэд”, “Гэр хороолол хөгжиж байж улс хөгжинө”, “Дахин төлөвлөлтийн 40 тэрбумыг төсөвт эргүүлэн тусга” зэрэг үгтэй лоозонг майхан тус бүрт байршуулжээ. Харин хотын дарга асан Э.Бат-Үүл “Хашааны газрыг луйвардахаа зогсохоо” гэсэн үгтэй майхан дотор сууж байна.
Суулт болж буйтай холбогдуулан төрийн тусгай алба хаагчид хамгаалалтад гарсан байна. Хөдөлгөөнийхөн дахин гэр барьж, суулт хийх хүсэлтэй иргэдийг байрлуулахаар төлөвлөсөн ч хотын захиргаанаас зөвшөөрөөгүй бололтой.
Г.Эрдэнэ

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах