“Зуун жилийн ганцаардал” романыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг Нэтфликс компани авлаа.

Видео стриминг үйлчилгээний аварга компани Нэтфликс нэрт зохиолч Габриел Гарсиа Маркезын 1967 онд анх хэвлэгдсэн “Зуун жилийн ганцаардал” романыг дэлгэцийн бүтээл болгох эрхийг авснаа өчигдөр зарлажээ.

Романыг испани хэл дээр бүтээгдэх цуврал кино болгох бөгөөд зургийг нь зохиолчийн эх орон Колумбид авч, зохиолчийн хөвгүүд Родриго Гарсиа, Гонзола Гарсиа Барча нар гүйцэтгэх продюсерээр ажиллахаар болсон байна.

Нэрт зохиолч амьд ахуй цагтаа “Зуун жилийн ганцаардал” романаа дэлгэцийн бүтээл болгохоос зайлсхийдэг байжээ. Учир нь тэр романы үйл явдал нэг ангит кинонд багтах боломжгүй тул чанаргүй бүтээл болно хэмээн болгоомжилдог байсан гэнэ.

Тэр бас хэрвээ кино хийвэл испани хэлнээс өөр хэл дээр бүтээх боломжгүй, утга санаа нь бүрэн гарахгүй гэж үздэг байжээ.

Харин өнөөдөр олон ангит цуврал бүтээх боломжтой болж, технологийн дэвшил олон үзэгчдэд хүргэх замыг нээсэн тул “Зуун жилийн ганцаардал” хэмээх гайхамшигт бүтээл кино болох цаг ирснийг их зохиолчийн хүү Родриго Гарсиа ярьсан байна.

Реализмын шидэт бүтээл гэгддэг “Зуун жилийн ганцаардал” роман 20 дугаар зууны Латин Америкийн шилдэг бүтээлүүдийн нэг болж, дэлхийн 46 хэл рүү орчуулагдан 47 сая хувь борлуулагдаж байжээ.

Маркезийн зохиолуудаас өмнө нь 1985 онд хэвлэгдсэн “Тахлын үеийн дурлал” роман 2007 онд дэлгэцийн бүтээл болж байв.

Нэтфликс компани сүүлийн жилүүдэд испани хэл дээр хэд хэдэн амжилттай бүтээл гаргаад байгаа. Тухайлбал сая Оскарын шагнал хүртсэн “Roma”, Пабло Эскобарын түүхийг үзүүлсэн “Narcos” зэргийг дурдаж болно.

Их зохиолч Габриел Гарсиа Маркез 1982 онд утга зохиолын Нобелийн шагнал хүртэж, 2014 онд нас баржээ.

Эх сурвалж: The Guardian

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах