“Ливерпүүл”-ийн 30 жилийн хүлээлт дуусав уу

“Ливерпүүл” баг хамгийн сүүлд 1990 онд улсынхаа аваргад түрүүлж байжээ. “Премьер лиг” гэж нэрлэгдэх болсноос хойш нэг ч түрүүгүй 30 жил. Английн хамгийн алдартай, амжилттай багийн хувьд энэ бол хар дарсан зүүд мэт он жилүүд байв. Энэ хооронд багт олон шилдэг тоглогчид төрөн гарч, амжилтын төлөө цуцалтгүй тэмцэж байсан ч ялих шалихгүй шалтгаан, азгүйдэл аварга болох мөрөөдлийг нь тасалж орхидог байв. Сүүлийн 20 жилд “Ливерпүүл”-ээс төрж гарсан хамгийн тод од Стивен Жеррард бага аварга болгох шахсан ч 2014 оны аваргыг тодруулах шийдвэрлэх мөчид халтирч унаад л түрүүгээ “Ман Сити”-д алдаж байлаа. Өнгөрсөн жил хамгийн олон ялалтын цуврал хийж, Премьер лигийн түүхэнд гуравдугаарт бичигдэх өндөр оноо цуглуулсан ч өнөөх л “Ман сити”-д аваргаа алдсан.

Тэгвэл энэ их хүлээлт Ю.Клоппын үед, энэ улиралд эцэслэгдэнэ гэдэгт хөгжөөн дэмжигчид нь найдаж байна. “Боксинг дэй”-н хүрээнд тэргүүлэгчийн төлөө хамгийн ойрын өрсөлдөгч “Лестер”-ийг 4:0-ээр бут ниргэсний дараа энэ найдлага нь улам баталгаажив. Одоо “Ливерпүүл” “Лестер”-ээс 13, гол өрсөлдөгч “Ман сити”-гээс 14 оноогоор тасарлаа.

“Ливерпүүл” өнгөрсөн улирлаас эхлүүлсэн ялагдалгүй цувралаа 35-д хүргэсэн бөгөөд “Арсенал”-ын дээд амжилтыг эвдэхэд 14 тоглолт дутуу үлдээд байна. Багаа ийм өндөр төвшинд аваачсан гол хүн болох Юрген Клопп харин “Үнэгнүүд”-ийг хожсоныхоо дараа “Бид зөвхөн дараагийн тоглолтдоо л анхаарал хандуулж байгаа. Асуудал шийдэгдчихээгүй байна” хэмээн даруухан хариу хэлж сууна. Харин хөлбөмбөгийн мэргэжилтнүүд энэ улирлын асуудал шийдэгдсэн, “Ливерпүүл” түрүүлнэ хэмээн итгэлтэй бичиж байгаа юм.

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах