Л.Оюун-Эрдэнэ: Цахим шилжилт хийснээр төрийн албан хаагчдын 15 орчим хувь орон тооны цомхтголд орох магадлалтай

Иргэдэд төрийн үйлчилгээг цахим, нэг цонхоор хүргэхээр “E-Mongolia” платформыг хэрэгжүүлж эхлээд байна. Энэ хүрээнд ирэх аравдугаар сараас эхлэн төрийн 181 үйлчилгээг гар утасны аппликейшн ашиглан нэг дороос авах боломж бүрдэх юм. ЗГХЭГ-ын дарга, УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ өчигдөр “E-Mongolia” төслийн ажлын явцтай танилцлаа.  

-Төрийн үйлчилгээг цахимжуулах хүрээнд тодорхой ажлууд хийгдэж байна. “E-Mongolia” аппликейшнээс одоогийн байдлаар 21 аж ахуйн нэгжийн үйлчилгээг энэ платформоор авах боломжтой байгаа аж. Төслийн явц ямар шатандаа явж байгаа вэ?
-Цахим хувьсгал хийнэ. Эхний ээлжинд 181 үйлчилгээг “E-Mongolia” цонхонд нэгтгэнэ. Энэ бол төрийн үйлчилгээг шуурхай, хүнд сурталгүй болгоно. Үүний ард нилээдгүй орон тоог хэмнэх судалгаа гарсан. Зөвхөн төрийн үйлчилгээ биш хувийн хэвшлийн аж ахуйн үйлчилгээ бас багтана. Бидний хувьд энэхүү платформыг ирэх аравдугаар сарын дундуур буюу Засгийн газрын 100 хоногоор амжиж ажиллуулахаар өндөр ачаалалтай ажиллаж байна. Иргэдийн болон хувийн хэвшлийн дэмжлэг маш хэрэгтэй. Энэ аппликейшнийг ашиглахад эхний ээлжинд хүндрэл бэрхшээлүүд гарч магадгүй. Иргэдийн хүлээсэн түвшинд хүрэхгүй байгаа юм шиг сэтгэгдэл төрж магадгүй. Гэхдээ энэ бол Монгол Улсын төрийн үйлчилгээг түргэн шуурхай, хүнд сурталгүй төрийн үйлчилгээг бий болгох цаашлаад авилгын суурь үндэс буюу хүнээс хамааралтай нугалаа үүсгэх энэ системийг бүхэлд нь таслан зогсоох шийдэл гэж хэлж болно. Бидний хувьд томоохон олон улсын байгууллагуудтай мөн мэдээлэл технологийн чиглэлээр ажиллаж буй бусад газруудтай маш нягт хамтарч ажиллаж байна.

-Бүрэн хэмжээний цахим шилжилт хийхэд хэдий хэмжээний хугацаа шаардагдах вэ?
-Судлаачдын тооцоолж буйгаар бүтэн хэмжээнд цахим шилжилт хийхэд долоон жил орчим хугацаа шаардагдана. Тэгэхээр энэ дөрвөн жилийн хугацаанд нийт үйл ажиллагааныхаа 70 орчим хувийг хийнэ гэдэг бол маш том үзүүлэлт. Ингээд бид тогтвортойгоор долоон жилийн хугацаанд цахим шилжилт хийж чадвал төрийн хэмжээнд томоохон ахиц дэвшил гарна гэсэн үг. Мэдээллийн аюулгүй байдал цахим гарын үсэг зэргийг хэрхэн хоорондоо холбох уу гэдэг программын аргачлалаас авахуулаад шийдлээ хүлээсэн олон ажил бий. Тийм учраас иргэдээ идэхвтэй оролцоосой гэж хүсэж байна. Мөн хувийн хэвшлийнхнийг Засгийн газраа дэмжиж хамтарч ажиллаасай гэж хүсэж байна.

Цахим шилжилтэд бүрэн орох тохиолдолд хүссэн хүсээгүй төрийн албан хаагчдын тоо бол цөөрнө. Төрийн албан газруудын бүтцүүд нэгдээд эхлэх учир орон тооны давхцлууд арилна. Одоогийн байдлаар 15 орчим хувь төрийн албан хаагч дээр орон тооны цомхтгол болох магадлалтай гэсэн тооцооллыг гаргаж байна.

-Өмнө нь салангид байсан бүх үйлчилгээг нэгтгэх юм байна. Онцлох үйлчилгээнээс дурдвал. 
-Хороон дээр тодорхойлолт авахаас авахуулаад хамгийн их цаг гаргаж байгаа хамгийн их хүнд сурталтай үйлчилгээг та утаснаасаа болон суурин компьютероосоо авч болно. Аль эсвэл АТМ шиг автомат машинаар авах ийм л систем руу орно. Хөдөө орон нутагт байгаа хүмүүс заавал Улаанбаатар хотод ирэхгүйгээр тухайн үйлчилгээг авах боломжийг бүрдүүлнэ. Бид нарын хувьд үйлчилгээг нэмээд л байна. Өмнө нь салангид байсан технологийн шийдлүүдийг нэгтгэнэ гэсэн үг. Тухайлбал ЗГХЭГ, Сангийн яам, Харилцаа холбооны газар, Хаан банк зэрэг бүх үйлчилгээг төвлөрүүлж байна гэсэн үг. Гэхдээ үйлчилгээг илүү хялбар байлгана. Жишээлбэл “E-Mongolia” платформоор дамжуулан өөрийнхөө шинжилгээний хариуг гадаадын улс руу явуулах хүртэл боломжтой болно. E-Education гэхэд боловсролтой холбоотой хүүхдээ сургууль цэцэрлэгт бүртгүүлэх асуудал тийшээ шилжинэ. E-halamj гэхэд л халамжтай холбоотой бүх асуудлууд тийшээ шилжинэ. Энэ таны амьдралын цагийг нилээдгүй хэмнэнэ. Энэ нь зөвхөн төрийн хүнд сурталтай холбоотой биш магадгүй түгжрэлтэй холбоотой асуудал дээр томоохон шийдэл болох том реформ. Иргэд маань илүү том зургаар хараасай гэж хүсэж байна. Анхны томоохон өөрчлөлтүүд дандаа шүүмжлэл дагуулдаг шүү дээ. Агаарын бохирдлыг бууруулах ажлын хүрээнд өнгөрсөн өвөл нийгэм хоёр талцаж түүхий нүүрсийг оруулах эсэх талаар хэлэлцүүлэг хүртэл өрнүүлж байсан. Яг үүнтэй адилхан хуучнаараа цаасаараа байсан дээр гэдэг шүүмжлэл гарахыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ бол бидний бухимдаад байдаг төрийн хүнд суртал хээл хахуулийн үндсэн суурийг таслах том шийдэл.

-Төрийн үйлчилгээ цахимд шилжсэнээр төрийн албан хаагчдын тоо цөөрнө. Одоогийн байдлаар хэдий хэр хэмжээний албан хаагчид цомхтгол хийх тооцоо судалгаа гарсан уу? 
-Цахим шилжилтэд бүрэн орох тохиолдолд хүссэн хүсээгүй төрийн албан хаагчдын тоо бол цөөрнө. Жишээлбэл төрийн үйлчилгээг цахимаар гэрээсээ авч байгаа тохиолдолд иргэдийг хүлээж авдаг үйлчилгээний ажилтны тоо багасах магадлалтай болно. Төрийн албан газруудын бүтцүүд нэгдээд эхлэх учир орон тооны давхцлууд арилна. Одоогийн байдлаар 15 орчим хувь төрийн албан хаагч дээр орон тооны цомхтгол болох магадлалтай гэсэн тооцооллыг гаргаж байна. Жишээлбэл Улаанбаатар хотод бүтэн цахимжаад камержилтын нэгдсэн систем руу орвол Замын цагдаа заавал зохицуулах шаардлагагүйгээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн хүний шуудангийн хаяг руу торгуулийн хуудас ирнэ гэсэн үг. Тэгэхээр энэ олон цагдаагийн албан хаагч одоогийн байгаа бүрэлдэхүүнээрээ байх эсэх талаар асуудал гарч ирнэ. Цахим шилжилтийг маш амжилттай хэрэгжүүлсэн Эстон, Гүрж, Украин зэрэг улсуудын туршлагаас харахад орон тооны хэмнэлт хийсэн байсан.

-Баярлалаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах