Монголчууд Вьетнамд мотоцикль түрээслэн хулгай хийдэг

Он гарсаар нийт 20 монгол иргэн гадны улс орнуудад халаасны хулгай хийсэн хэргээр баривчлагдаад байна. Хамгийн сүүлд гэхэд арваннэгдүгээр сарын 15-ны өдөр зургаан монгол залуу Вьетнамын Хо Ши Мин хотод жуулчдын ихээр ирдэг дүүрэгт хулгай хийж байгаа баривчлагдсан талаар бид өмнө нь мэдээлсэн.

Гэтэл үүнээс хойш сар ч хүрэхгүй хугацаанд дахин таван монгол иргэн тус улсад хулгайн хэргээр баривчлагдан саатуулагдаад байгаа талаар Вьетнамын хэвлэлүүд мэдээлжээ.

Д.Гантөмөр. 49 настай. Арваннэгдүгээр сарын 5-ны өдөр Ханой хотын Ба Дин дүүргийн цагдаагийн газарт гадаадын жуулчдын эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагдсан. Тэрбээр өмнө нь Камбож улсын дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Анкор Ват сүмд мөн хулгай хийж байгаад баригдсан бөгөөд тус сүмийн гаднах самбар дээр түүний зургийг “Халаасны хулгайчаас болгоомжил” гэсэн утгатай тайлбартайгаар байршуулжээ. Вьетнам улсад аравдугаар сарын 14-нөөс арваннэгдүгээр сарын 14-ний хооронд нэг сарын хугацаатай зорчихоор очжээ. Тус хотын цагдаа нар түүнийг аравдугаар сарын 23-нд ирсэн гомдлын дагуу ажиглаж байгаад арваннэгдүгээр сарын 5-ны өдөр баривчилсан байна.

С.Анхбаяр. 1996 онд төрсөн. Ханой хотын Хоан Кием дүүргийн цагдаагийн хэлтэст энэ сарын 2-ны өдөр Японы хоёр жуулчны эд зүйлийг хулгайлсан хэргээр саатуулагджээ. Өмнө нь хэд хэдэн удаа тус улсад зорчиж байсан тэрбээр хэргээ хүлээсэн бөгөөд түүний хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгааг эх сурвалжид дурджээ. Түүний хулгайлсан хэтэвчинд 13,000 орчим иенийн бэлэн мөнгө байжээ. Хэргийг шалгах ажиллагаа үргэлжилж байгаа аж.

Г.Алтанхуяг. 1987 онд төрсөн. Мөн л Ханой хотын Хоан Кием дүүрэгт Израилын жуулчны эд зүйлийг хулгайлан арваннэгдүгээр сарын 26-ны өдөр саатуулагдсан байна. Хэтэвчээ суйлуулж байгааг мэдсэн Израилын жуулчин түүнийг үйлдэл дээр нь барьтал тэр хэтэвчийг нь шидчихээд зугтахыг оролдсон байна.

Ингээд тэр хавьд явж байсан хүмүүс түүнийг зогсоож цагдаагийн байгууллагад хүлээлгэн өгчээ. Хэдий үйлдэл дээрээ баригдсан ч хэргээ хүлээхгүй байгааг эх сурвалжийн мэдээнд дурдсан байна. Учир нь хохирогчийн хэтэвчинд 620,000 орчим вьетнам дон байсан ба тус улсад энэ хэмжээний мөнгөн дүнтэй хулгайд эрүүгийн хэрэг үүсгэдэггүй гэдгийг тус хотын цагдаагийн байгууллагаас анхааруулжээ.

Дараагийн баривчлагдсан хүмүүс бол бүлэглэн хулгай хийдэг этгээдүүд. 37 настай Я.Наранбат, 33 настай Б.Шинэбаяр нар нь Вьетнамын Да Нанг хотын цагдаагийн газарт саатуулагдаад байгаа ба ихэвчлэн жуулчдын хэтэвчийг хулгайлж, төлбөрийн картыг хувилан түүгээрээ төлбөр тооцоо хийж, гар утас, үнэт эдлэл гэх зэрэг зүйлсийг худалдан авч эх орондоо авчран зардаг байжээ.

Тэднээс маш олон тооны  виза картны бэлдэц, хувилагч машин, үнэт эдлэлүүдийг хураан авсан байна. 2019 оны эхээр хэсэг бүлэг монголчууд Хо Ши Мин хотод түр хугацаагаар орон сууц түрээслэх болсон бөгөөд тэдний үйлдэл сэжигтэй байсан учир цагдаа нар шалгаж эхэлжээ. Ингээд арваннэгдүгээр сарын 26-ны өдөр Хонгконгоос ирсэн нэгэн эмэгтэй жуулчин гурван төлбөрийн карт болон бусад эд зүйлээ алдлаа гэсэн гомдлын дагуу хэргийг шалгахад өнөөх байр түрээслэдэг монголчууд хулгай хийсэн нь тогтоогдсон байна. Нийт найман монгол иргэн тус байрыг түрээсэлж байсан бөгөөд тэд мөн жуулчид ихээр холхидог газруудаар мотоцикль түрээслэн явж хулгай хийдэг байснаа хүлээн зөвшөөрчээ.

Эх сурвалж: news.vienvong.com, vovdulich.vn, xaluan.com

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах