Ногоон “мөртэй” бодлогын инженер

УИХ-ын анхны вэб хуудсыг 23-хан насандаа кодлон хийж, тухайн үеийн төрийн удирдагчдад компьютерыг хэрхэн асаахаас эхлүүлээд “word”, “excel” зэрэг хэрэглээний программ ашиглах дөртэй болгосон эмэгтэй бол Б.Саранчимэг. Интернэт гээчид хөтөлж, и-мэйлээр харилцах тухай анхны хичээлүүдийг ч тэрбээр зааж байжээ. Төрийн ордон саарал байхад, кабелийн утас үүрч дүүрээд өрөө бүрээр хэсэн суурилуулж явсаар, 500 шахам өрөө тасалгааг хэрсэн сүлжээ татаж, интернэтжүүлэх, компьютержуулах ажлыг гардан хийсэн хүн.

Б.Саранчимэг Монголын анхны IT инженерүүдийн нэг бөгөөд программ хангамжийн эмэгтэй инженер гэдгээрээ мөн л анхдагчдын нэг. Орчин цагийн “од” мэргэжлийг 30 жилийн өмнө Монголд хэн ч мэддэггүй шахам байв. Дунд сургуульдаа тасралтгүй 40 улирал онц сурч, олимпиад алгасалгүй түрүүлсний эцэст мэргэжлээ сонгох мөчтэй Б.Саранчимэг тулжээ. Тухайн үед мундаг хүүхдүүд гадаад харилцааны чиглэлийг сонгох хандлагатай байж. Тиймээс түүний сонголт ч энэ зүгт хандах янзтайг ажигласан Б.Саранчимэгийн эдийн засагч аав нь “Ирээдүйг үзүүлье” хэмээн дагуулан гарч, хаа байсан Дундговиос Эрдэнэт хүрчээ. Тэрбээр Эрдэнэт үйлдвэрийн автомат удирдлагын системийг охиндоо заан харуулаад “Энэ бол ирээдүй” хэмээсэн байна. Тус үйлдвэр нь 1980-иад онд Монголын цорын ганц автомат удирдлагын системтэй байгууллага байжээ. Харин өдгөө интернэтэд суурилсан автомат системийг бүх байгууллага ашигладаг төдийгүй хиймэл оюун ухаанаар хүч хавсарч тогтолцоог удирдаж байна.

Ийнхүү Б.Саранчимэг аавынхаа зөвлөгөөг даган Новосибирскийн Цахилгаан техникийн их сургуулийг одоогийнхоор IT инженерээр суралцаж, 1987 онд төгсжээ. Социализмын үеийн хүний нөөцийн бодлогын дагуу УИХ-ын Тамгын газарт компьютерийн алба байгуулах шаардлагатай болсон тул Б.Саранчимэгийг хоёр хүний бүрэлдэхүүнтэй шинэ хэлтэст томилон ажиллуулав. Долоон жил ажилласан энэ алба нь өдгөө 10 дахин томорч, программ ба техник хангамж гэсэн хоёр хэлтэстэй үйл ажиллагаа явуулж байна.

Нутгийн буурай хөгшидтэй шатар нүүж, хожмоо үе мултарсан шатарчидтай уулгүй талд цусгүй тулаан өрнүүлж явсан нь түүнд аливаа зүйлсийн хамаарал, холбоосыг олж харах чадвар суулгасан бол хот, хөдөөгийн бүх л олимпиадад шандсаа сорьж, хөлс нулимсаа гартал тэмцэлдэж байсан математикийн хичээл түүнд комплекс асуудлыг шийдэх математик загварчлалыг толгойд нь шингээжээ. Харин түүний эзэмшсэн IT мэргэжил аливааг томоор системчилж харах дөртэй болгосон бол одоо ч цаг зав гарган тоглодог сагсан бөмбөгийн спорт түүнд тэсвэр хатуужлаас гадна багийн ажиллагааг суулгажээ. Энэхүү системчилж хардаг, хийдэг арга барилаа тэрбээр хүний гараар бүтсэн Монголын хамгийн том ногоон байгууламжийг бүтээх замаар түмэнд ил гаргаж харуулсан.

Ногоон хөгжлийг яриад зогсохгүй хийдэг хүн

Одоогоос яг 10 жилийн өмнө, бичиг цаас, компьютер ширтдэг ажлаа орхих огцом шийдвэр гаргасан нь түүнийг элс шороо бужигнаж, шарилж ханхалсан зэлүүд газар аваачжээ. Хавирга нэвтлэм хүйтэн салхитай хуйсганасан хаврын тэр өдөр биеийн тамирын хувцас өмсөж, хүрз бээлий бариад хоосон талбайд ирсэн нь түүний ажлын эхний өдөр байв. Гэхдээ тэрбээр энэ бүхэн таван жил, 10 жилийн дараа ямар байхыг төлөвлөгөөндөө зурагласны дагуу төсөөлөлдөө харж  байсан. Тал дунд таван ханатай өнчин ганц гэрээр оффислож, тал бүрээс хүн, мод аль алийг нь цуглуулахаас тэрбээр ажлаа эхэлжээ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн 2010 он ба 2019 он

Тоггүй газар үүрийн гэгээнээс үдшийн бүрий хүртэл нартай уралдан өвдөг татсан зэрлэг зулгааж, модоо тарьж, усаа зөөврөөр авчран, турь муутай нялх суулгацуудаа торддог байв. Нью-Йоркийн төв цэцэрлэгт хүрээлэн шиг жишиг ногоон байгууламж бий болгоход нийслэлээс хуваарилсан төсвийг нэмэгдүүлэх шаардлагатайг мэдэж байсан учир Б.Саранчимэг багтайгаа хамтран ТЭЗҮ боловсруулж, түүнийгээ гаднын хөрөнгө оруулагчдад танилцуулж явсаар таван тэрбум гаруй төгрөгийн санхүүжилт босгожээ. Түүний хичээл зүтгэлийн ачаар түмний түгээмэл хичээллэдэг эрүүл мэндийн эм болсон олон спортыг дэмжсэн талбай, зам тоноглол бүхий цэцэрлэгт хүрээлэн сүндэрлэчихээд байгааг нийслэлийнхэн бүгд мэднэ. Иргэдийн нүдэнд ил сайхан зам талбай, мод цэцэг харагдаж буй ч энэхүү байгууламжийн доогуур Монголын анхны, хамгийн том, стандартын дагуу хийгдсэн усжуулалтын систем суурилагдсан байдаг.  Мөн хүйтэн, ширүүн нөхцөлд мод, цэцэг бойжуулах ухааныг судалж буй эрдэмтэд, ургамал судлаач, аюулгүй орчныг бүрдүүлэгч инженерүүд тэргүүтэй 100 гаруй ажиллагсад бий. Тэд өөрсдийгөө “ногоон бүтээгчид” гэж бахархалтайгаар нэрлэдэг.

Нэг л жишээ дурьдахад, нийслэлийн нийт ногоон байгууламжийн 23 хувийг Үндэсний цэцэрлэгт хүрээлэн өдгөө дангаараа эзэлдэг.  Б.Саранчимэг “Тарьсан моднууд маань өнөөдөр надаас ч өндөр болчихсон байгаа” хэмээн баяртайгаар хэлж сууна.  Түүний дараагийн том зорилгуудын нэг нь дүүрэг бүрийг иж бүрэн спортын талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнтэй болгох. Яагаад гэвэл, өдгөө Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг Улаанбаатарын өнцөг булан бүрээс хол зам туулан зорин ирж амарч зугаалдаг, спортоор хичээллэдэг хүмүүс олон. Мөн урин дулаан цагт олон хүний хөлд дарагдаж, цэцэрлэгт хүрээлэнгийн даац бараг хэтрэх шахдаг үзэгдэл ажиглагдаж буй. Олноороо цуглах том сайхан цэцэрлэгт хүрээлэнтэй болсон  нь сайхан ч, эрүүл аюулгүй орчинд амьдрах боломж дүүргүүдийн харилцан адилгүй төлөвлөлт, хөгжлөөс шалтгаалан хязгаарлагдмал байгааг энэ нь харуулж байгаа.

Энэ зүгээр нэг амлалт байгаагүйг Б.Саранчимэг өнгөрсөн дөрвөн жил харуулж, Баянзүрх дүүргийн шороо тоос, хог новшинд дарагдаж, нарлаж суух байтугай хүүхэд хөгшид ганцаараа явахаас ч эмээдэг олон газрыг гэрэлтүүлэгтэй, хянах камертай, засмал замтай, тоглоомын талбайтай болгосон. Олны нэрлэж заншсанаар Нарантуул захын арын хаалга орчмыг таван жилийн өмнө хулгайч, архичид эгнэсэн шороо пургисан газар байсан учир “Мангасын ам” гэж нэрийддэг байлаа. Дэд бүтцийн хувьд асуудалгүй энэ газар өдгөө ийм аймшгийн нэрээр дуудуулах байтугай шинэ суурьшлын бүс болон хувирч, орон сууцны төслүүд ар, араасаа сүндэрлэн, үнэлгээ өндөртэйгээр түргэн борлуулагдаж байна. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ч мөн адил олон орон сууц баригдах шалтгаан болж, үл хөдлөх хөрөнгийн зах зээлийн эрэлт, нийлүүлэлт уулздаг гол цэг болсныг зах зээл бидэнд харуулж буй.

Энэ сард Хил хамгаалах ерөнхий газрын дэргэд хөлбөмбөг, сагс, волейболын талбай бүхий бичил цэцэрлэгт хүрээлэнг ашиглалтад орууллаа. Газрын наймаа цэцэглэсэн нийслэлд завсар зай гарвал нэг барилгын компани хаанаас ч юм гарч ирээд бетон зуураад ямар ч төлөвлөлтгүйгээр  барилга бариад эхэлдэг аюултай. Ийм цаг үед ийм том талбайг нийтийн эзэмшлийнх болгоно гэдэг маш их хөлс хүч, стресстэй ажил байсан гэдгийг Б.Саранчимэг хэлж буй. Гэхдээ нийслэлийн эрх мэдэлтнүүдийн үүдийг удаан сахиж, тасралтгүй хөөцөлдөхөд хажуугаас нь тусалж дэмжиж харж байсан бүхэн өдгөө түүний “нийслэлийг ногооруулах” ажиллагааг зорилгодоо хүрнэ гэдэгт итгэдэг болсон. Тэрбээр өнгөрсөн хугацаанд зөвхөн ногоон байгууламж гурвыг байгуулчихаад байгаа нь энэ. Өөрийн төрсөн нутаг говь нутагт хүртэл ногооруулах ажил эхлүүлсэн нь амжилттай хэрэгжиж, өндөр мододтой урт цэцэрлэгт хүрээлэн өдгөө өргөжин тэлсээр байна.

Б.Саранчимэгийн ээж “Ядарч байгаа байх, аяга шөл хийгээд өгье дөө гээд гэрт нь очиход аль хэдийнэ гэрээ цэвэрлэчихсэн, хоолоо хийчихсэн, хүүхдүүдээ хооллоод сууж байдаг байсан даа. Эмэгтэй хүн удирдагч байна гэдэг ийм л хүнд ачаа даа” хэмээн хуучлав.

Эрдэм бүхнээ эргээд хэрэглэж буй хүн

Б.Саранчимэг Олон улсын парламентын гишүүд дунд зохиогдсон шатрын тэмцээний эмэгтэйчүүдийн төрөлд өнгөрсөн жил аварга болсон. Хүйс харгалзахгүй өрсөлдсөн ч чадна, ялна гэж тэрбээр хэлсэн. “Ганц дуртай зүйл миньдээ” хэмээн шатрын тухай ярих тэрбээр оюуны спортыг эзэмшихийн давуу талыг өөрийн ажил амьдралаараа мэдэрч, харуулж яваа хүн. Тиймээс шатрын спортын өгөөжийг хүртээх хамгийн үр дүнтэй зам гэж үзээд “Ногоон бэрс” хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, 10 мянган хүүхдийг шатартай нөхөрлүүлжээ. Б.Саранчимэгийн хоёр хүү ч шатрын хорхойтнууд. “Тэд бүгд шатарчин болох албагүй. Гэхдээ тэд ямартай ч шатартай найзалсных аугаа сэтгэгчид, бүтээгчид болох нь дамжиггүй” гэж тэрбээр үзэж байна. Оюуны болон биеийн спорт хүний амьдралд хэр нөлөөтэйг тэрбээр сайн мэддэг, өөрөө ч салшгүй холбоотой амьдарч ирсэн тул үүнийгээ бүтээн байгуулалтаараа, ажлаараа харуулдаг.

“УИХ-д өнгөрсөн дөрвөн жил ер нь юу хийсэн бэ?” гэж сонгогчид асууж байна. Асуух нь ч зөв. Б.Саранчимэгийн хувьд урт ажлын тайлангаа бариад танилцуулаад яваа. Товчхондоо түүний хийсэн ажлуудыг базаад хэлбэл, бүгд ногоон хөгжилд чиглэсэн ажлууд байж иржээ. Парламентын гишүүд бол зөв оновчтой бодлого гаргаж, хууль эрх зүйн таатай орчин бүрдүүлэх үүрэгтэй. Тэрбээр энэхүү үндсэн үүрэг хариуцлагынхаа дагуу өнгөрсөн хугацаанд Ус бохирдуулсны тухай хууль, Мэргэжлийн боловсрол сургалтын тухай хууль, Биеийн тамир, спортын тухай хуулийг боловсруулах ажлын хэсгийг ахлан ажиллажээ. Б.Саранчимэг өөрийн хамгийн сайн чаддаг, мэддэг талбартаа өөрчлөлт гаргахыг зорьж ажилласан. УИХ-ын гишүүд популизм хийж бүх зүйлийг чаддаг, мэддэг царайлахын оронд хамгийн сайнаараа ажиллаж чадах талбарыг сонгож, эерэг өөрчлөлт авчрахыг зорьвол үр дүнг жинхэнээсээ авчирна. Чаддаг, чаддагаа л хийе гэсэн үг.

Хэдий сонгууль болох гэж байгаа ч хаврын чуулган тарахаас өмнө тэрбээр Н.Учрал болон нэр бүхий таван гишүүнтэй хамтран тэтгэврийн шинэчлэл хийх хуулийн төслийг өргөн барьсан. Энэ бол том эргэлт. Иргэд цалингаасаа сар бүр суутгуулдаг 17 хувиасаа дөрвөн хувийг нь ядаж хувийн тэтгэврийн санд шилжүүлэх эрхтэй болвол, хөгширчихөөд амар тайван амьдарч, жилдээ нэг аялчихдаг барууныхны тухтай амьдралын хэв маяг хүссэн хүсээгүй бидэнд ирнэ. Цаашлаад үр хүүхдүүдэд нь ч өвлөгдөх хөрөнгө болж хувирах юм.

Ирэх дөрвөн жилийн хувьд тэрбээр үргэлжлүүлэн ногоон бүтээн байгуулалтаа хийнэ. Товчхондоо шороо тоосноос салгаж, эрүүл аюулгүй орчин бүрдүүлж, ногооруулна. Тухайлбал, Баянзүрх цэцэрлэгт хүрээлэн байгуулж, соёл спортыг хавсарсан байдлаар төлөвлөнө. Мөн Шар хад, Дамбадаржаа орчмыг гэрэлтүүлэгтэй, засмал замтай, үерийн ус зайлуулагчтай болгож шороо тоосноос нь салгах аж. Цаашлаад эрүүл мэндийн төвүүд барьж, хөгжлийн бэрхшээлтэй иргэд болон ахмад настнуудад чиглэсэн үйл ажиллагаа явуулах аж.

Эцсийн бүлэгт хамгийн сайн санаж авах ёстой нэг амлалтыг нь онцлоё. Энэ бол Цагаан давааны хур хогийг ангилж боловсруулах үйлдвэр байгуулах юм. Барууны улсуудад айл өрх хогийг ангилж, газар доогуурх холболтоор хогийн саваар цааш дамжуулчихдаг болчихлоо. Гуравхан сая хүнтэй мөртлөө хогоо ил хаяж, илээр ачиж зөөн асгачихаад, үүнийг хогоо цэвэрлэчихлээ гээд сууж байгаа орон маш цөөхөн. Үүнийг орчин үеийн системээр удирдаж эрүүл мэндэд ээлтэй орчин бүрдүүлэх цаг нь болчихоод удаж байна. Менежмент сайтай орнуудад хог нь хүртэл үнэд ороод эхэлсэн.

Улаанбаатарыг хогноос нь салгах бол Б.Саранчимэгийн хувьд ногоон хөгжлийг бүтээх зорилгынх нь тулгын гурван чулууны нэг. Ногоон хөгжлийг бүтээх нь бид болон бидний үрс эрүүл, аюулгүй орчинд илүү удаан, таатай амьдрах тухай л асуудал юм. Коронавирус газар авч, хүний бүх үйл ажиллагаа, хөдөлгөөн хоригдоход байгаль дэлхий хэрхэн цэвэр ариун болж байгааг бид сүүлийн хэдэн сар хангалттай харлаа. Тиймээс ногоон хөгжлийн буухиа тасрах ёсгүй. Энэ буухиаг үргэлжлүүлэгчдийг ажлаараа үлгэрлэн манлайлахын төлөө Б.Саранчимэг хичээн ажиллах болно гэлээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах