Нэг хүүхэд…хоёр хүүхэд! Хэн хамгаалах вэ?

Өмнө нь дөрвөн настай балчир хүү хойд эцгийнхээ гарт амиа алдсан. Сая есөн настай бяцхан охин мөн л хойд эцгийнхээ гарт амиа алдсан байж болзошгүй байна.

Есөн настай охин золгүй байдлаар амь насаа алдсан харамсалтай хэрэг  гарсантай холбоотой зарим мэдээллийг Гэр бүл хүүхэд залуучуудын газраас хэвлэлийнхэнд өглөө.

Талийгаач охин болон, гэр бүлийнх нь тухай мэдээлэл амьдардаг дүүргийнх нь буюу Баянзүрх дүүргийн ГБХЗГ-т огт бүртгэгдээгүй байсан байна. Өөрөөр хэлбэл тэр гэр бүлд хүчирхийлэл үйлдэгддэг, тэнд тусламж хэрэгтэй хүүхэд байдэг гэсэн мэдээлэл төрд огт байхгүй байсан гэсэн үг.

Хохирогч охины хувьд өмнө нь гар нь хугарч гэмтлийн эмнэлэгт очиж байжээ. Тэр үед ээж нь тоглоомын талбай дээр тоглож байгаад гэмтээсэн гэж мэдээлж байжээ.  Мөн  хавирга нь хугарсан нь  бороолоод эдгэж байна гэсэн мэдээлэл байсныг ГБХЗГ-ын мэрэгжилтэн хэллээ.


Хэрвээ хүүхэд хүчирхийллээс болж бэртэж гэмтсэн бол заавал мэдээлэх үүрэг эмнэлгийн ажилтан, эмч нарт байдаг юм байна. Мөн гэмтлийн эмнэлэгт нэг цэгийн үйлчилгээ байдаг бөгөөд тухайн үед энэ үйлчилгээ нь хууль ёсоороо хийгдэж, охинд эрсдлийн үнэлгээ хийсэн бол хүчирхийлэл энэ хүртэл явах байсан уу гэдэг АСУУЛТ.

Эмнэлгийн ажилтан, эмч нар хүүхэд хүчирхийллээс болж гэмтэж бэртсэн бол заавал цагдаад мэдэгдэх ёстой хууль байдаг нь хэрэгжихгүй байна гэж мэргэжилтэн хэлсэн.  Тэгэхээр цаашид хүүхдийн гэмтлийг, хүүхэд эрсдэлтэй орчинд байдаг эсэхийг  зөвхөн ээж, ар гэрээс нь биш өөрөөс нь болон хамаатан садан, хөршүүд, ангийн багш гээд бусад эх сурвалжаас тусгай асуумжаар тодоройлдог байх шаардлага харагдаж байна.

Мөн хэсгийн ахлагч нар гэж бий. Тэд хорооныхоо айл өрхийн талаар судалгаатай, мэдээлэлтэй байх ёстой. Энэ мэдээллээ нийгмийн ажилтан болон, цагаад өгдөг хуулийн орчин нь аль хэдлийнэ бүрджээ.

Гэвч охиныг хамгаалж болох байсан, хамгаалах ёстой байсан дээрх бүх боломжууд алдагджээ. 72 цагийн дотор үнэлгээ хийгдэж дүгнэлт гарах ёстой. Одоо энэ хуулийн дагуу холбогдох мэдээллүүдийг цуглуулж ажиллаж байгаа гэв.


Харамсалтай нь хүчирхийлэлтэй орчинд амьдардаг хүүхэд, эмэгтэйчүүдийн тоо Ковид-ын үед өссөн мэдээ бий. Энэ онд гэхэд 21 мянга 400 орчим хүүхэд тус газрын эрсдлийн программд бүртгэгджээ. Тэднээс  9126 хүүхдэд нь ямар нэг тусламж зайлшгүй хэрэгцээтэй гэсэн үнэлгээ  хийсэн байна.  Энэ бол зөвхөн 108 утсаар, эсвэл иргэдийн өргөдлөөр ирсэн дүн мэдээ. Утсаар ярьж бүртгүүлээгүй, өргөдөл бичиж ирээгүй хичнээн хүүхэд хаалганы цаана хүчирхийлэлд уйлж байдгийг тоолох аргагүй.

Хэн нэг хүүхэд хүчирхийлэлд байж болзошгүйг анзаарсан бол, мэдсэн бол ЗААВАЛ цагдаад хандаж, хүүхдэд туслах ёстойг ийнхүү бяцхан үрс амь насаараа төлөөс болгож сануулсаар байна. Гэр бүлийн хүчирхийллийг мэдсэн бол заавал мэдээлэх ёстой үүргийг сургуулийн багш, нийгмийн ажилтан хороо хорины ажтилтнууд, цагдаа, эмч гэсэн төрийн ажилтнууд хуулиар хүлээдэг. Харин хөрш нь, хэн нэг иргэдийн хувьд цагдаад хандах нь ёс зүйн асуудал байдгийг ГБХЗГ-ын мэргэжилтнүүд хэлсэн юм.

Улсын хэмжээнд 19 түр хамгаалах байр,  54 хүүхдийн эрхийн улсын байцаагч байдаг. Мөн нийгмийн ажилтан, цагдаа, хамтарсан баг гэр бүлийн хүчирхийллээс холхирогчдыг хамгааалахаар ажиллаж, хамгаалах эрхзүйн тогтолцоо харьцангуй бүрдсэн ч хаа хаанаа хариуцлага алдсанаас дахиад нэг хүүхэд эмгэнэлтэйгээр амиа алдлаа.

ГБХЗХГ-ын ахлах мэргэжилтэн Ж.Азжаргал, ахлах мэргэжилтэн Л.Бадамцэцэг нар мэдээлэл хийх үеэрээ хүчирхийллийн цаана ядуурал, архидалт, зан үйлийн төлөвшил гэх мэт нийгмийн суурь шалтгаанууд байгаа учраас суурь шалтгааныг шийдэх нэгдсэн бодлого, зохицуулалт хэрэгтэй байна гэдгийг онцлож байлаа.

 

 

 

 

 

 

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах