О.Орхон: Гэрчийн мэдүүлэг авахын тулд онц хүнд гэмт хэрэгтэн баривчилж буй мэтээр авч явсан.

Худалдаа Хөгжлийн Банкны Гүйцэтгэх захирал О.Орхон мэдээлэл хийж байна. Тэрбээр гуравдугаар сарын 05 буюу энэ мягмар гаригт “Эрдэнэтийн 49 хувийн асуудлаар” Эрүүгийн Цагдаагийн албаны Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх албанд дуудагдан, улмаар 461 дүгээр хорих ангид нэг хоног саатуулагдаад гарч ирсэн билээ.

Худалдаа хөгжлийн банкны Гүйцэтгэх захирал О.Орхон:

-ОЮУН-ЭРДЭНЭ ГИШҮҮНИЙ ЯРЬЖ БАЙГАА СХЕМ ХУУЛЬ ХҮЧНИЙ БАЙГУУЛЛАГААР
БАТЛАГДЧИХСАН БОДИТОЙ ЗҮЙЛ БИШ-

“Өнгөрсөн өдрүүдэд болсон сэтгэл сэрдхийм аймшигтай үйл явдлын талаар мэдээлэл өгөх нь зүйтэй байх гэж бодож байна. Энэ үйл явдлыг улс төрийн зорилготой, Монгол улсын нийгэмд явагдаж байгаа улс төрийн эрх мэдэл албан тушаал эд хөрөнгийн дахин хуваарилалтын үйл явцын дор явагдаж байгаа зохион байгууллаттай арга хэмжээ гэж үзэхээс өөр аргагүйд хүрч байна. Учир нь:

Өчигдрийн баривчилгааны үйл ажиллагааг та бүхэн харсан байх. Өмнө нь Эрдэнэтийн 49 хувийн асуудалтайгаар нэг удаа дуудаж гэрчийн мэдүүлэг авсан. Ахиж албан ёсоор дуудаагүй, мэдэгдээгүй. Харин өчигдөр гэрээсээ ажил руу явж байх замд гэнэтийн, хууль бус баривчилгаа явуулсан. Ингэхийн тулд намайг мэдүүлэг өгөхийг мэдэгдэн, зарлан дуудаж ирүүлэх бүх төрлийн хуулийн дагуу боломж бололцоо байсан ч нэгийг нь ч ашиглаагүй, огт мэдэгдэлгүй, шууд цагдаагийн тусгай хүчний байгууллагын хүчээр онц хүнд гэмт хэрэгтэнг баривчилж буй мэт авч явсан. Ингэхдээ ямар учраас яагаад авч явж байгаагаа мэдэгдэхгүйгээр ямар ч биеийн байцаалт үзүүлэхгүй хүчлэн авч явсан. Үүнийгээ ч өмнөөс төлөвлөчихсөн байсан гэдэг нь нотлогдсон. Учир нь өмнөх өдөр Оюун-Эрдэнэ сайдын хэвлэлийнхнийг дуудаж ирүүлсэн мэдээлэлд Пүрэвтүвшин, Орхон нарын залуус шоронд хоригдох болсонд харамсаж байна гэж хэлсэн байдаг. Энэ бол хүний эрх, хуулийг ноцтой зөрчсөн арга хэмжээ болсон. Ингээд цагдаагийн байгууллага дээр очоод зөвхөн гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчийн мэдүүлэг авахын тулд ийм ажиллагаа явуулах шаардлагагүй, дуудвал би өөрөө яваад очих бүрэн боломжтой. Өмнө нь ч дуудахад би очиж байсан.

Өнөөдөр Монголын нийгэмд болж байгаа болох, болохгүй бүх зүйлс, монголын улс төрд байсан, байгаа, цагдаа хуулийн байгууллагад ажиллаж байсан хүмүүсийн цаана нэг л байгууллага, нэг л банк байгаа мэтээр ард түмний тархи угааж, ийм мэдээллийг зохион байгуулалттайгаар цацаж байгаа.

Оюун-Эрдэнэ сайдын нийтэд ил болгож яригдаад байгаа Засгийн газрын нууц хуралдааны баримт, схем нь саяхан ил болж байгаа зүйл биш. 2016 оны 11 сард энэ протокол ил гарч өнөөдрийг хүртэл сайтууд нийтлэгдсэн нь байдаг. Энэ схемийг УИХ-ын дэргэд байгуулагдсан Эрдэнэтийн асуудлыг шалгах ажлын хэсэг гаргаж ирсэн. Үүний дагуу Худалдаа хөгжлийн банк-д давуу эрх олгосон гэдэг асуудлыг тавьдаг.

Энэ схем аливаа хууль хүчний байгууллагаар батлагдчихсан бодит зүйл биш. Энэ дээр санаатай, санамсаргүйг мэдэхгүй маш олон худал зүйл бий. Одоо тодорхой мэдээлэл өгөх боломжгүй, дараагийн долоо хоногт өгнө. Учир нь энэ дотор манай харилцагчийн мэдээллүүд байдаг учир хуулийн дагуу хамаагүй дэлгэж болдоггүй.

Оюун-Эрдэнэ зөвхөн өөрөөс нь үнэн байхгүй, бусдын ярьж байгаа ямар ч ор үндэсгүй мэтээр мэдээлэл хийсэн нь зөвхөн нэг талыг барьсан өрөөсгөл мэдээлэл шүү гэдгийг тодотгож байна. Манай банк энэ схем дээр байгаа тодорхой мэдээллүүдийг та бүгдэд өгөөд явах болно.

ХХБ-г хэд хэдэн нөхцөл байдлаар буруутгаж байгаа.

Их хэмжээний санхүүжилт өгсөн гэх. Манай банк үүсгэн байгуулагдсан цагаасаа маш олон харилцагч, байгууллагуудтай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн. Энэ бол манай банкны үндсэн бизнес юм. Энэ бол компани, банкны тухай бусад хуулийн дагуу явж байгаа. Энэ санхүүжилт хуулийн дагуу хийгдсэн.

Мөн давуу байдлыг бий болгосон гэж байгаа ч ийм юм байгаагүй. Мөн л давуу байдал байгаагүй, хууль дүрэм журмынхаа дагуу л төсөл хөтөлбөрт тавигдсан журмын дагуу хувийн байгууллагад зээл өгсөн.

Харилцагч нартаа хандаж хэлэхэд өнгөрсөн өдрүүдэд ХХБ-ыг сэтгэл санааны хувьд дэмжиж, биднийг ойлгож, дэмжлэг туслалцаа үзүүлсэн та бүхэндээ талархал илэрхийлье. Банкны үйл ажиллагаа тасралтгүй, хэвийн явагдаж байна. Цаашид ч явагдах болно.

Өнөөдөр банкныхаа тайлан баланстай танилцлаа. Татан төвлөрүүлсэн орлого харин ч нэмэгдсэн байгаа нь харилцагч нартаа талархал илэрхийлэх ёстойг илтгэж байна.

Хүний эрх, компанийн эрх ноцтой зөрчигдсөн, шүүхээр нотлогдсон хууль бус үйл ажиллагаа явуулсанд хувь хүн болон ХХБ-ны удирдлагын хувьд гүнээ харамсаж байгаагаа илэрхийлж байна” гэлээ.

Мөн тэрээр мэдээллийн төгсгөлд,

“Энэ мэдээллийг өгч буй нь өөрсдийн үйлдлийг хаацайлах, хэргийн мөрдөн байцаалтын явцад нөлөөлөх гэсэн хэрэг биш. Та бүхэнд үнэн бодит байдлыг мэдээллэхийг хүссэн. Манай банк олон улсад бонд гаргасан банк учраас олон улсын олон харилцагчтай, монголынхоо ч олон харилцагчийг татаж чадсан. Олон жилийн итгэл дээр тулгуурладаг бизнес учраас энэ үйл явдал маш том цохилт болсон. Улс төрийн зорилгоор манай банкны нэр хүндийг унагаж, хохирол учруулсанд харамсаж байна” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах