Сонгууль хойшилж, онц байдал зарлагдвал Ерөнхийлөгчийн эрх ингэж “ТОМОРНО”

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өчигдөр /2020.03.25/ дэлхий нийтээр хурдтай тархаж буй коронавирүсийн халдвартай холбогдуулан, улсын хэмжээнд ЗУРГААН арга хэмжээ хэрэгжүүлэх уриалга гаргав. Уриалгадаа,

НЭГ: Улсын төсөвт тодотгол хийж, сонгуульд зориулсан болон тэвчиж болох бүх зардлыг танаж, үүнээс гарсан мөнгийг хямралын эсрэг арга хэмжээнд зарцуулах.

ХОЁР: УИХ-ын сонгуулийг хойшлуулж, түүнд зарцуулах хөрөнгө мөнгийг хэмнэх.

ГУРАВ: “Хямралын эсрэг” тусгай сан бүрдүүлэх, түүнийг зарцуулах дүрэм журам боловсруулах.

ДӨРӨВ: Иргэдээ хэрэгцээт зүйлсээр тасралтгүй хангах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах.

ТАВ: Уг асуудлыг ҮАБЗ-өөр хэлэлцүүлж, чадварлаг нэн яаралтай байгуулах,

ЗУРГАА: Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх шаардлагатайг онцлов.

Эдгээрээс 2020 оны улсын төсвийг тодотгох, хямралын эсрэг байгуулах зэрэг нь дэлхийн улс орнуудын авч хэрэгжүүлж буй нийтлэг аргачлалууд юм. Харин УИХ-ын сонгуулийг хойшлуулах, ҮАБЗ дэргэдээ хороо байгуулах, төрийн удирдлагыг төвлөрүүлэх зэрэг саналууд нь улстөрийн талаасаа ихээхэн анхаарал татаж байна. Улстөрийн талаасаа анхаарал татаж буй эдгээр асуудлаарх хуулийн зохицуулалтуудыг танилцуулж байна.

УИХ-ЫН СОНГУУЛИЙГ ХОЙШЛУУЛАХ ЭСЭХИЙГ ПАРЛАМЕНТ ЭЦЭСЛЭН ШИЙДНЭ

УИХ-ын сонгуулийг хойшлуулах эсэх асуудал Монгол Улсын УИХ-ын сонгуулийн тухай хуулиар зохицуулагдана. Уг хуулийн,  8 дугаар зүйл. Сонгууль товлон зарлах

8.5.Монгол Улсын Үндсэн хуулийн Хорин тавдугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт заасан улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан байгалийн гамшиг, гэнэтийн бусад аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал зэрэг онцгой нөхцөл бий болсны улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол Улсын Их Хурал ээлжит сонгуулийг хойшлуулна.

8.6.Хэрэв энэ хуулийн 8.5-д заасан онцгой нөхцөл Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэр батлан гаргасны дараа бий болсон бол Улсын Их Хурал сонгууль товлон зарласан шийдвэрээ хүчингүй болгож, ээлжит сонгуулийн үйл ажиллагааг зогсооно.

СОНГУУЛЬ ХОЙШИЛСОН Ч ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРТ ТӨРИЙН ЭРХ МЭДЭЛ ОЧИХГҮЙ

Олон нийтийн сүлжээнд сонгууль хойшилсон хугацаанаас хамаарч, Ерөнхийлөгчид төрийн эрх мэдэл шилжинэ гэсэн хардлага явсан. Энэ нь ташаа ойлголт юм.

Үндсэн хуулийн 22.1-т,

Улсын нийт нутаг дэвсгэр буюу зарим хэсгийг нь хамарсан гэнэтийн аюул тохиолдсон, дайны ба нийтийн эмх замбараагүй байдал үүссэн зэрэг онцгой нөхцөлийн улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй бол мөнхүү нөхцөл арилж, шинэ сонгогдсон гишүүдээ тангараг өргөтөл Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

УИХ-ын тухай хуулийн 30:2-т,

30.2. Үндсэн хуулийн Хорин хоёрдугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан онцгой нөхцөл үүссэний улмаас ээлжит сонгууль явуулах боломжгүй болсон бол мөнхүү нөхцөл арилж шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөтөл өмнөх Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлнэ.

ОНЦ БАЙДАЛ ЗАРЛАВАЛ ҮАБЗ-ӨӨС  ЗАСГИЙН ГАЗАРТ ҮҮРЭГ ӨГӨХ, УИХ-Д САНАЛ ОРУУЛАХ БҮРЭН ЭРХ ҮҮСНЭ

УИХ-ын сонгуулийг ОНЦГОЙ БАЙДАЛ зарласан тохиолдолд хойшлуулна. Хэрвээ онцгой байдал зарлагдвал, Онц байдлын тухай хуулиар зохицуулалт хийгдэнэ.

 Онц байдлын тухай хуулийн 8 дугаар зүйл,

1.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх ажлыг удирдан зохион байгуулах онцгой чиг үүргийг Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл /цаашид “Зөвлөл” гэх/ эрхлэн гүйцэтгэнэ.

Логикоороо, онцгой байдал зарласан тохиолдолд УОК-ын эрх үүргүүд Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, түүний тэргүүлэгч рүү шилжих хуулийн зохицуулалттай. Мөн ҮАБЗ-өөс УИХ-д санал оруулах, Засгийн газар, УОК-т үүрэг өгөх БҮРЭН ЭРХИЙГ ХЭРЭГЖҮҮЛЭХ БОЛОМЖ БҮРДЭХ ЮМ.  

9 дүгээр зүйл.Онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх талаархи Зөвлөлийн онцгой бүрэн эрх

1.Зөвлөл онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхдээ дор дурдсан онцгой бүрэн эрх эдэлнэ:

2/онц байдал зарлах тухай Улсын Их Хурлын шийдвэр буюу Ерөнхийлөгчийн зарлигийн хэрэгжилтийг холбогдох байгууллагад хянан шалгах, шаардлагатай бол тэдгээрийн удирдлагын илтгэл, мэдээллийг сонсож, үүрэг даалгавар өгөх;3/шаардлагатай асуудлыг Улсын Их Хуралд оруулж шийдвэрлүүлэх;

4/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэх асуудлаар Засгийн газар, холбогдох бусад байгууллагад заавал биелүүлэх үүрэг даалгавар өгөх;

5/онц байдал тогтоосон шийдвэр, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зөвлөлөөс өгсөн үүрэг даалгаврыг зохих ёсоор биелүүлээгүй Засгийн газрын гишүүн, Улсын Их Хурал болон Засгийн газарт ажлаа шууд хариуцан тайлагнадаг бусад байгууллагын удирдах албан тушаалтан, аймаг, нийслэлийн Засаг даргын бүрэн эрхийг онц байдлын хугацаагаар түдгэлзүүлж, орны хүнийг томилох, шаардлагатай гэж үзвэл тэдгээрийг огцруулах тухай асуудлыг эрх бүхий байгууллагад оруулж шийдвэрлүүлэх;

6/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдсон асуудлаар холбогдох байгууллагаас мэдээ, судалгаа, шаардлагатай бусад баримт бичиг гаргуулан авах;

7/онц байдал үргэлжлэх хугацаанд Зөвлөлийн ажлын аппаратыг бэхжүүлэх асуудлыг шийдвэрлэх;

8/онц байдал тогтоосон нутаг дэвсгэрт Зөвлөлийн бүрэн эрхт төлөөлөгч томилж ажиллуулах;

9/шаардлагатай гэж үзсэн тохиолдолд Зэвсэгт хүчний Жанжин штаб, цагдаа, тагнуул, хил болон иргэний хамгаалалтын асуудал эрхэлсэн төв байгууллагуудын дарга нарын бүрэлдэхүүнтэй шуурхай штаб байгуулж ажиллуулах;

10/онцгой нөхцөлийн үр дагаврыг арилгах асуудлаар гадаад улс, олон улсын байгууллагатай харилцах, хамтран ажиллах, туслалцаа авах;

11/онц байдал тогтоосон шийдвэрийг хэрэгжүүлэхтэй холбогдуулан хуулиар олгосон бусад онцгой бүрэн эрх.

ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ГАРГАСАН УРИАЛГААС ХАМГИЙН ИХ АНХААРАЛ ТАТСАН ХЭСЭГ НЬ:  Хямралын нөхцөлд зохицуулан төрийн удирдлагыг төвлөрүүлэх шаардлагатай  гэх санаа. Манай улс сонгодог парламентын засаглалтай. Тэгэхээр Засгийн газар, УИХ-ын эрх үүргийг Төрийн тэргүүний давуу эрхийн доор хязгаарлах боломжгүй.

Тэгэхээр дээрх ишлэлийн гол зорилго нь, ҮАБЗ дээрх эрх мэдлийг илүү өргөн хүрээнд байлгах ёстой гэсэн агуулга гэж харж болохоор байна.

ЭХ СУРВАЛЖ: EGUUR.MN

 

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах