Соёлын сайд С.Чулуун Соёлын өвийн үндэсний төвийн барилгын ажлын явцтай танилцлаа

оёлын сайд С.Чулуун Хан-Уул дүүргийн 10 дугаар хорооны нутаг дэвсгэр Буянт-Ухаа хорооллын урд, Үндэсний Архивын Ерөнхий газрын баруун талд баригдсан тус яамны харъяа Соёлын өвийн үндэсний төвийн барилга ашиглалтад ороход тулгарч буй асуудалтай танилцаж, мэдээлэл авлаа. Монгол үндэстний соёлын биет болон биет бус өвийг хамгаалан, бүртгэн баримтжуулах, сэргээн засварлах, хойч үедээ өвлөн уламжлуулах чиглэлээр үйл ажиллагаа явуулах төвийн барилгын ажил 2014 онд эхэлсэн бөгөөд 95 хувийн гүйцэтгэлтэй байна.

“Манай улсад соёлын өвийг хадгалах, хамгаалахаас гадна сэргээн засварлах, тэдгээр бүтээлийг олон нийт, хүүхэд залууст тайлбарлан таниулах, сурталчлах ажил дутмаг байгааг сайжруулах чиглэлд Соёлын яам анхаарч ажиллана. Удахгүй ашиглалтад орох Соёлын өвийн үндэсний төвд Монгол Улсын түүх, соёлын биет ба биет бус өвийн улсын нэгдсэн бүртгэл-мэдээллийн санг төвлөрүүлж, энэ чиглэлээр хийж буй эрдэм шинжилгээ, судалгааны ажлуудыг тайлан баримтууд, археологийн малтлага судалгаанаас олдсон түүх, соёлын дурсгалт зүйлсийг анхны төрхөөр нь сэргээн засварлах зэрэг олон ажлууд явагдана”  хэмээн Соёлын сайд С.Чулуун ярилаа.

Нийт 8000 ам.метр талбайтай, зоорийн давхрыг оруулбал гурван давхар энэ барилгын дулааны шугам буюу дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэж чадаагүйгээс барилгын ажил удааширсан бөгөөд 2019 онд дулааны шугамыг татаж, цэвэр бохир усны шугамын холболтыг хийжээ.

Одоо барилгын дотоод засал чимэглэл, камер холбоо болон гэрэлтүүлгийн ажлыг гүйцэтгэвэл барилгыг улсын комисст хүлээлгэн өгөх юм байна. Дутуу ажлаа гүйцэтгэхэд 350 сая төгрөг шаардлагатай байгааг тус төвийн Захиргаа, удирлагын газрын дарга О.Мэндсайхан салбарын сайддаа танилцууллаа.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах