С.ЭРДЭНЭ: 800 ТЭРБУМЫН КОНЦЕССЫН ГЭРЭЭГЭЭ ИЛ БОЛГОЧИХООД ПОПРОХ ХЭРЭГТЭЙ

АН дотоод сонгуульд нэр дэвшигчдээ танилцуулах, үнэмлэх гардуулах ёслолын ажиллагаа болж байна. Үүнтэй холбоотой болон бусад асуудлаар АН-ын дарга С.Эрдэнээс дараах тодруулгыг авлаа.

-АН дотоод сонгууль хэрхэн явагддаг вэ?
-Хэн нэр дэвших эсэхийг намын удирдлагууд шийддэггүй. Аймаг, орон нутгийн намын байгууллагууд оноо өгөх замаар сонгодог. Тухайлбал, гурван нэр дэвшигч өрсөлдсөн тойрогт гурвуулаа хангалттай оноо авлаа гэхэд энэ дундаас хамгийн бага оноо авсан нь сонгуульд оролцдоггүй. Ийм шалгуураар явагддаг.
-АН-ын татварын мөнгөөр нэр бүхий намын гишүүд казинод тоглосон гэсэн мэдээлэл байна. Энэ үнэн юм уу?
-Монголд казино байдаг юм уу. АН-ын санхүүгийн тайлан, татварын мөнгө бүх зүйл тусгай хяналттай. Ингэж дураараа зарцуулах ямар ч боломж байхгүй. Мөн Захиргаа, санхүү, эрх зүйн газар гэж бий. Энд нягтлан бодох бүртгэл зэрэг бүх зүйл хуулийн хүрээнд явагддаг. Харин энэ яригдсан асуудал бол хэн нэгний шидсэн чулуу.
-Сөрөг хүчний намын даргын хувьд улс оронд өрнөж байгаа асуудлыг юу гэж харж байна вэ?
-Эрдэнэтийн 49 хувийн асуудлыг хууль хяналтын байгууллагууд шалгаж тогтоох байх. Харин буу зэвсэг агсаж, хувийн хэвшил, иргэд рүүгээ довтлохоо болих хэрэгтэй. Сүүлдээ мафитай кино үзэж байгаа юм шиг болж байна. ЗГХЭГ-ын дарга болсон хүн бүр буу барьсан хэдэн хүн цуглуулж, бусдыг айлгаж, ичээдэг боллоо. Хуулийн байгууллага гэж байдаг бол шүүх тогтоолоо гаргаад үүний дагуу бусад байгууллага нь үйл ажиллагаагаа хийгээд явах ёстой. Гэтэл гэмт хэргийг урьдчилан таслан зогсоох үүрэгтэй цагдаа, тусгайгийнхныг хүн айлгадаг зэвсэг болгон ашиглаж байна. МАН-ынхан ажлаа хий л дээ. Үнэнд гүйцэгдээд ирэхээр нийгмийн анхаарлыг дуулиан шуугиантай зүйл рүү татах гэж оролдож, баахан баривчилгаа хийсэн. Гэтэл баривчилгаа хийгээд нэг хоног болоод л шүүхээс үндэслэлгүй хэмээн суллалаааг шүү дээ. Ингэж төрийн нэр хүндийг унагаасан болчимгүй үйлдлээ зогсоох хэрэгтэй.
Түүнчлэн яг энэ баривчилгаа явагдсан өдөр Эрдэнэтийн 51 хувийн шүүх хурал болсон. Олон нийт анзаараагүй. Уг нь Эрдэнэтийн 51 хувийг мөрдөн шалгах хэрэг байхгүй шүү дээ. Бүх баримтууд нь ил бий. Гэвч тухайн өдөр болсон шүүх хурлаар мөрдөн шалгах ажиллагаанд буцаасан. Үүнтэй холбогдуулан нэг өдөрт хэчнээн мянган төгрөг урсаж байна. Монгол Улс Стандарт банктай хурдан хэлэлцээр хийх шаардлагатай байна. Гэтэл энэ талаар огт ярихгүй байна. Шударга ёс яриад байдаг У.Хүрэлсүх ЖДҮ-чдээ яагаад хариуцлага тооцохгүй байна вэ. Эрдэнэтийн 51 хувь буюу үндэсний хэмжээний дээрэмчдээ яагаад ярихгүй байгаа юм бэ. Мөн 800 тэрбум төгрөгийн концессын гэрээ зэргээ ил болгож, ярих хэрэгтэй. Тэгэхгүй байж популист маягийн зүйл рүү явж байгаад эмзэглэж байна.
-Энэ сарын 18-нд ээлжит бус чуулган хуралдуулахаар тогтлоо. Ерөнхийлөгч АТГ-ын даргыг огцруулах эсэх асуудлыг оруулна гэж байна. Өөрөөр хэлбэл, танай намаас Ерөнхийлөгч болсон хүн ийм саналыг гаргаж байна. Тэгэхээр уг асуудлыг АН дэмжих үү?
-Хуулийн хүрээнд шийдэгдэх ёстой. АН-аас ч гэсэн УИХ-ын даргад хэлэлцэх асуудлыг хүргүүсэн. ЖДҮ-ийн сантай холбоотой асуудлыг оруулах, Эрдэнэтийн 51 хувийн асуудлыг хэлэлцэх асуудлын дараалалд оруулж өгөөч гэсэн саналыг хүргүүлнэ. Ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх асуудлыг харахаар улс оронд яг тулчихсан, шаардлагатай гэж харагдахгүй байна.
-АН дотооддоо зөрчилтэй байна гэх яриа бий. Энэ талаар тайлбар өгөөч?
-Манай намд ямар ч зөрчилдөөн байхгүй. Харин маргаантай зүйл бий. Жижиг сажиг зөрчил айл бүрт л гардаг шүү дээ. Нам хуваагдах хэмжээнд гарсан зөрчил байхгүй.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах