УХАНЬ ХОТООС ИРСЭН ИРГЭД МАРГААШ ЭМНЭЛГЭЭС ГАРНА

Эрүүл мэндийн яамнаас шинэ коронавирусийн халдварын нөхцөл байдал, урьдчилан сэргийлэхээр хэрэгжүүлж буй ажлын талаар мэдээлэл хийлээ.

Хил хамгаалах ерөнхий газрын дарга Ц.Мягмардорж “Засгийн газрын өчигдрийн ээлжит бус хуралдаанаар 63 дугаар тогтоолыг баталж, БНХАУ-тай хиллэж байгаа автозам, агаарын зам, төмөр замын боомтын зорчигч тээврийг 2020 оны гуравдугаар сарын 2-ны өдрийг хүртэл зогсоосон” гэлээ.

БНХАУ-ААС ОРЖ ИРЭХ ИРГЭДИЙГ 14 ХОНОГ ТУСГААРЛАНА

ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “Хил хаасантай холбоотойгоор БНХАУ-д байгаа Монгол Улсын иргэдийг авчрах асуудлыг ГХЯ зохион байгуулахаар болсон. Тиймээс ЭСЯ, Консулын газруудаар дамжуулан иргэдээ дахин бүртгэлжүүлж байна. Урьдчилсан байдлаар 400 орчим иргэн маань БНХАУ-д байгаа. Гэхдээ иргэдийг авчрах ажлыг өөрсдийнх нь хүсэлт дээр үндэслэж зохион байгуулна. Мөн Эрээн орчимд эх орондоо ирэхээр төлөвлөж байсан 50 иргэн галт тэрэгний тасалбар захиалаад байсан байна. Засгийн газраас гарсан шийдвэрийн дагуу хил хааснаас хойш БНХАУ-аас орж ирэх иргэдийг 14 хоног тусгаарлана” гэв.

ГОЛ НЭРИЙН БАРАА БҮТЭЭГДЭХҮҮНИЙ НӨӨЦ ХАНГАЛТТАЙ БАЙГАА ТУЛ ХОМСДОЛ ҮҮСЭХГҮЙ

ХХААХҮЯ-ны Хүнсний үйлдвэрийн хөгжлийн бодлогын зохицуулалтын газрын дарга Т.Гантогтох “Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлиг, Засгийн газраас гарсан тогтоол, шийдвэрийн дагуу ХХААХҮЯ өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Хил хааснаар бараа бүтээгдэхүүний импортыг хориглоогүй. Харин урд хөршид гарсан шувууны ханиадны улмаас шувууны мах, махан бүтээгдэхүүнд л түр хязгаарлалт хийгээд байна.

Гол нэрийн бараа бүтээгдэхүүний нөөц хангалттай байгаа тул хомсдол үүсэхгүй. Тиймээс иргэд хүнсээ бөөнөөр нь худалдан авч нөөцлөх шаардлагагүй. Иргэд та бүхэн өдөр тутамдаа шинэ, шимтэй хүнс, тэр дундаа адууны мах, аарц хэрэглэж дархлаагаа дэмжихийг зөвлөж байна” гэлээ.

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү “Хоёрдугаар сарын 12-нд тусгаарлагдсан хүмүүсийн шинжилгээний хариунууд сөрөг гарлаа. 13-нд Бээжин-Улаанбаатарын онгоцоор ирсэн, Хунань мужид сурдаг зургаан оюутан ирснийг тусгаарлаад байгаа. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д нийт 8 хүн, Архангай аймагт нэг хүн тусгаарласан. Шинжилгээний хариуг хүлээж байна. Ухань хотоос ирсэн 31 оюутны дахин шинжилгээнд хамруулсан. Шинжилгээний хариу сөрөг гарсан тул эмч нар зөвлөлдөөд маргааш ХӨСҮТ-өөс гаргахаар шийдвэрлэсэн” гэв.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах