ФАТФ: Монгол Улс саарал жагсаалтаас гарах даалгаврыг хангалттай биелүүлсэн

ФАТФ буюу Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллага мягмар гаригт Монгол Улс “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт”-аас хасагдах болзлоо хангасан талаар мэдэгдлээ.

ФАТФ 2019 оны аравдугаар сард Монгол Улсыг мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд тус байгууллагаас гишүүн орнууддаа өгдөг нийт 40 зөвлөмжийн зургааг нь хэрэгжүүлээгүй гэх шалтгаанаар“Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт”-д багтаасан.

Олон улсын санхүүгийн хориг хэрэгжүүлэх байгууллагын Олон улсын хамтын ажиллагааны хяналтын бүлэг өнгөрөгч нэгдүгээр сард БНХАУ-д хуралдаж Монгол Улс ФАТФ-ын зургаан зөвлөмжийн гурвыг нь хангалттай биелүүлсэн гэж дүгнэсэн. Тэгвэл өнгөрөгч тавдугаар сард тавьсан тайланд үлдсэн гурван зөвлөмжийг хангалттай биелүүлж чадсан гэж үнэлжээ. Монгол Улсын санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл өнгөрөгч даваа гаригт ФАТФ-аас Монгол Улс зургаан зөвлөмжийг бүрэн биелүүлсэн тухай албан бичиг ирүүлсэн талаар мэдээлсэн.

Тэгвэл ФАТФ-ын мягмар гаригт хийсэн албан ёсны мэдэгдэлд “Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг ФАТФ болон Ази, Номхон далайн мөнгө угаахын эсрэг бүлэг буюу “APG”-ийн зөвлөмжийн үр нөлөөг бэхжүүлэх, холбогдох техникийн дутагдлыг арилгах чиглэлээр хамтран ажиллах улс төрийн өндөр төвшний амлалт өгсөн. Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны зөвлөмжийг үндсэндээ хангасан гэсэн анхны дүгнэлтийг гарган, газар дээрх үнэлгээг хийлээ. Мөн Монгол Улс мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхийн эсрэг үйл ажиллагааны шинэчлэлийг эхлүүлж, цаашдын хэрэгжилтийг тогтвортой хангах улс төрийн үүрэг хариуцлага, амлалтаа биелүүлж байгааг баталгаажууллаа. ФАТФ “COVID-19”-ийн нөхцөл байдлыг сайтар ажиглаж байна. Цар тахлын нөхцөл байдал намжмагч аль болох түргэн хугацаанд Монгол Улсын мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх чиглэлд гаргасан ахиц, дэвшлийг  газар дээр нь ирж шалгах болно” гэжээ. ФАТФ-ын дараагийн хурлаар Монгол Улс саарал жагсаалтаас гарах болсныг зарлах юм.

Манай улстай хамт Исланд улс “Мөнгө угаах, терроризмыг санхүүжүүлэхтэй тэмцэх стратегийн дутагдалтай орнуудын хяналтын жагсаалт”-аас хасагдах болзлоо хангажээ. ФАТФ-ын хяналтын саарал, хар жагсаалтад одоогоор Албани, Багамын арлууд, Барбадос, Ботсван, Камбож, Гана, Ямайк, Мавритан, Мьянмар, Никарагуа, Пакистан, Панам, Сири, Уганда, Йемен болон Зимбабве гэх 16 улс багтаж байна.

Эх сурвалж: fatf-gafi.org

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах