Хар машины маапаан уу? Сонгуулийн тогтолцооны маргаан уу?

    Ялагдлаа хүлээн зөвшөөрч чадахгүй зарга үүсгэж суугаа нөхөд үнэндээ бол өөрсдийнхөө ухсан нүхэнд өөрсдөө бүдэрчихээд сууж байгаа нь энэ л дээ. Сонгууль болгоны дараа л тогтолцоондоо асуудал байна гэдгийг ярьж хэлсээр ирсэн ч үнэндээ сонгуулийн хуулиа л өөрчилснөөс биш, тогтолцоогоо өөрчлөхийг хүсэхгүй, одоо л илүү суудал авчих байх, энэ хувилбар нь илүү ашигтай байж болох… гэсэн явцуу эрх ашгаа бодсоор суугаад мажоритар тогтолцоогоо авч үлдсэн.

    Цагтаа их хуралд бүү хэл засгийн эрх барьж байсан нөхдүүд ч эдний дотор бий ч, тэд мажоритар тогтолцоогоор их хурлын гишүүдээ сонгодог байх зарчмаа өөрчилж чадахгүй, өөр хоорондоо тохироо хийсээр байгаад л бүрэн эрхийнхээ хугацааг дуусгасан байдаг. Харин одоо өөрсдийнхөө өөрчилж чадаагүй нүхэндээ өөрсдөө бүдэрч унаад, өвдгөө шалбалчхаад уйлж суугаа нь энэ. Энэ удаагийн буюу 8 дахь удаагийн УИХ-ын сонгууль томсгосон тойргийн зарчмаар явагдсан бөгөөд Монгол Улс ардчилсан тогтолцоонд шилжсэнээс хойш үндсэндээ сонгуулийн мажоритар тогтолцооны зарим хувилбарыг л хэрэглэж ирсэн байдаг.

   Судлаачдын дүгнэлтээр сонгуулийн мажоритар тогтолцоо нь энгийн ойлгомжтой боловч, сонгогчдын оролцоо, төлөөллийг жигд тусгадаггүй, УИХ-д нэг нам хэт олонх болох нөхцөл бүрддэг, сонгогчдын санал ихээр гээгддэг зэрэг дутагдалтай. Тухайлбал, 1992 онд МАН нийт сонгогчдын 58.23 хувийн дэмжлэг авсан ч УИХ-д 70 суудал авчээ. МоАН сонгогчдын 27.89 хувийн дэмжлэг авсан ч УИХ-д 5 суудал авсан байна. Мөн 2000 онд МАН нийт сонгогчдын 51.57 хувийн дэмжлэгээр УИХ-д 72 суудал, АХ эвсэл сонгогчдын 15.21 хувийн дэмжлэгээр УИХ-д 1 суудал авсан байна. Мөн 2016 онд МАН нийт сонгогчдын 45.53 хувийн дэмжлэгээр УИХ-д 65 суудал, АН сонгогчдын 33.54 хувийн дэмжлэгээр УИХ-д 9 суудал авсан байсан. 2020 онд МАН нийт сонгогчдын 45.19 хувийн дэмжлэгээр УИХ-д 62 суудал, АН сонгогчдын 24.31 хувийн дэмжлэгээр УИХ-д 11 суудал авснаас хархад дээрх дүгнэлтийг хийж болохоор байгаа юм. Энэ удаад нэг нь луйвардаж, нөгөөдүүл нь луйвардуулсандаа ч учир нь байгаа юм биш.

   Санал гээгдсэн болж харагдаад байгаа энэ зарга нь үнэндээ тогтолцоондоо учир нь байгааг хэн хэн нь мэдэж байгаа ч нэг талаас одоогийн ерөнхийлөгчийн далд дэмжлэг, нөгөө талаас 3 дахь ерөнхийлөгч Н.Энхбаярын ил хатгаас, бусад эвсэл бие даагчдын гоморхол нийлээд, хар машиндаа эргэлзэж, эцэстээ гараар тоолж илүү зардал гаргуулсан ч сэтгэл нь амрахгүй, гоморхол нь арилахгүй маргааныг үргэлжлүүлсээр байгаа нь энэ юм. Энэ бүхний дараа гарч байгаа дүгнэлтээр бол сонгуулийн тогтолцоогоо л өөрчлөхгүй бол сонгогчдын оролцоо, төлөөлөл алдагдаж, санал гээгдсээр байх болно. Тиймээс сонгуулийн холимог тогтолцоог хэрэглэх нь УИХ-д итгэх сонгогчдын итгэлийг нэмэгдүүлэх, улс төрийн намын төлөвшлийг дэмжих болон бусад давуу талтай. Харин одоо энэ тогтолцоогоо өөрчлөх зориг зүрх болоод оролдлого зүтгэл нь шинэ УИХ-д бий юу гэдэг асуулт гарч ирнэ. Олон жил ярьж, олон удаа хойшлуулсны эцэст бид шинэ үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг баталж энэ оны 5-р сараас эхлэн мөрдөн хэрэгжүүлж эхэлсэн.

   Шинэчилсэн үндсэн хуулийн 21-р зүйлийн 4 дэх хэсэгт: “Улсын Их Хурлын сонгуулийн журмыг хуулиар тогтооно. Улсын Их Хурлын ээлжит сонгууль явуулахын өмнөх нэг жилийн дотор Улсын Их Хурлын сонгуулийн тухай хууль батлах, түүнд нэмэлт, өөрчлөлт оруулахыг хориглоно” гэж заасан. 4 жилийн дараа ахиад л маргаан дагуулах нь тодорхой сонгуулийнхаа тогтолцоогоо холимог энэ тэр гэсэн өөр нэртэй ч үндсэндээ мөнөөх л мажоритар зарчим нь хэвээрээ хадгалагдсаар байгаа тогтолцоогоо авч үлдэх үү? Эсвэл өөрчлөх үү? гэдэг том ажил, бас том зориг энэ удаагийн УИХ-д шаардлагатай болж байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах