Ховд аймагт гарсан тарваган тахлын онош батлагджээ

Ховд аймагт тарваган тахлын сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн талаар даваа гаригт Эрүүл мэндийн яамнаас мэдээлсэн.

Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлүүлж байгаа юм. Өвчтөн маш хүнд, олон эрхтний дутмагшилд орсон байдалтай, түүний дүү 16 настай, эрэгтэй, Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр” урьдчилсан оноштойгоор эмчлэгдэж байгаа.
Өвчтөнүүд зургаадугаар сарын 21-23-ны өдрүүдэд тарвага агнаж идсэн өгүүлэмжтэй. Эдгээр хүмүүсийн 1-р хавьтал 96, 2-р хавьтал 402 хүн байгаа аж.

Тэгвэл сэжигтэй тохиолдлуудад хийсэн шинжилгээний хариу урьд шөнө гарсан байна. Зоонозын өвчин судлалын төвийн захирал Н.Цогбадрахаас тодруулахад “Ховд аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвд эмчлүүлж байгаа 27 настай, эрэгтэй “тарваган тахлын булчирхай, хоёрдогч уушигны хэлбэр оноштой болох нь шинжилгээгээр батлагдсан. Мөн түүний дүү 16 настай, эрэгтэй. Цэцэг сумын эрүүл мэндийн төвд “тарваган тахлын булчирхайн хэлбэр онош батлагдсан. 27 настай залуугийн биеийн байдал тогтворжсон. Түүний нэг болон хоёрдугаар хавьтлын хүмүүст шинж тэмдэг илэрч халуурч, суулгаагүй. Одоогоор ойрын хавьтлуудаас авсан сорьцуудад шинжилгээ хийх ажил үргэлжилж байна” гэлээ.

Тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол гарсантай холбогдуулан Ховд аймгийн Жаргалант, Цэцэг сумдын нутаг дэвсгэрээс гарах орох зорчих хөдөлгөөнийг даваа гаригийн  22:00 цагаас эхлэн тодорхойгүй хугацаагаар хязгаарлаад байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах