Хятадын эдийн засаг сэргэж, АНУ өрөнд баригдав

Бээжингийн засгийн газрын өчигдрийн /2020.10.19/мэдээлэлд дурдсанаар БНХАУ-ын эдийн засаг энэ оны гуравдугаар хагаст өмнөх жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 4.9 хувиар өсчээ.

Дээрх өсөлт нь эдийн засагчдын тооцоолж байснаас бага зэрэг дутсан ч олон давуу тал бий болгож байгаа юм. Тухайлбал,  эдийн засаг ийн өссөний ачаар үйлчилгээ болон барилгын салбар маш хурдтай хэвэндээ оржээ.

БНХАУ-ын эдийн засаг энэ оны эхний улиралд цар тахал хүчээ авч, хүн бүрийг хөл хорьж байхад түүхэнд байгаагүйгээр муудсан ч өдгөө эргээд бүрэн сэргэсэн байна. Тухайлбал, энэ оны эхний есөн сарын байдлаар ДНБ 0.7 хувиар нэмэгдсэн аж.

“БНХАУ-ын эдийн засаг өмнөх улирлын амжилтаа үргэлжлүүлэн энэ улиралд эрс хурдтай өсчээ” хэмээн Хятадын ахмад эдийн засагч Жулиан Эванс Притчард ярьжээ. Таван хувиас бага өсөлт өмнө нь Хятадын хувьд удаанд тооцогдож, санаа зовоосон асуудал болдог байжээ. Гэвч энэ удаад бол нөхцөл байдлыг харгалзан үзэж, бусад том эдийн засгуудтай харьцуулахад 4.9 хувь гэдэг нь гайхалтай үзүүлэлт юм.

Ерөнхийд нь харвал: Олон улсын вальютын сан 2020 онд БНХАУ-ын эдийн засаг ердөө 1.9 хувиар өснө хэмээн тооцоолж байсан билээ. Харьцуулж үзвэл тэд АНУ-ын эдийн засгийг 5.8 хувиар, Евро хэрэглэдэг 19 орны эдийн засаг 8.3 хувиар өснө хэмээн тооцоолж байжээ.

Чанга хатуу дэглэмийн сайн тал: Өнгөрсөн жилийн сүүл үеэр Бээжин цар тахлын дотоод дахь халдвараа тогтоон барихын тулд авч хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийг барууны зарим улстөрчид хүчтэй шүүмжилж байсан юм. Гэтэл Бээжингийн чанга хөл хорионы дэглэм, ард иргэддээ тавьсан хатуу хяналтын бодлого үр дүнгээ өгч БНХАУ дотооддоо халдваргүй орон болж чаджээ. Мөн эдийн засгаа сэргээхийн тулд зуу зуун тэрбум ам.долларыг томхон төслүүддээ зарцуулсан нь үр дүнгээ хангалттай өгсөн бололтой.

Гэвч Хятадын цар тахлыг хяналтандаа авсан арга бусад оронд, ялангуяа удирдагч нь Бээжингийнх шиг өндөр эрх мэдэлтэй биш орнуудад дуурайн хэрэгжүүлэхэд маш хүндрэлтэй юм. Жишээлбэл, АНУ, Европод цар тахлын дахин нэг үе эхэлж, шинэ халдварын тоо эрчимтэй өссөөр байна. Цар тахлаас сэргийлэх зорилгоор Парис хөл хорио дахин тогтоож, Лондонд хүмүүс нэгнийдээ зочлохыг хориглох зэрэг арга хэмжээ хэрэгжүүлж эхлээд байна. АНУ-д нэг өдөрт 55 мянга гаруй шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа нь есдүгээр сарын үзүүлэлтээс 60 хувиар өссөн дүн харуулж, ихэнх мужууд нь зөв арга хэмжээ авч чадахгүй хэвээр байна.

Цаашид юу болох вэ?: АНУ ойрын хугацаанд улс даяар хөл хорио тогтоох шинжгүй байна. Мөн Вашингтоны хувьд нэг өдөрт бүртгэгдэх шинэ халдварын тоо эрс буурахаас нааш эдийн засаг хямарсан хэвээр байх төлөвтэй байна.

Харин энэ хооронд Хятад улам хүчирхэгжсээр байх бололтой. Есдүгээр сарын эдийн засгийн үзүүлэлтээс харвал Бээжин цаашид ч зогсолтгүй хүчирхэгжих төлөвтэй байна.

“Бид ойрын хугацаанд лав энэ өсөлт үргэлжлэх болно хэмээн таамаглаж байна. Ирээдүйд ч, ядаж дараа жилийн эхэн үе хүртэл Хятадын хувьд чанга хатуу дэглэм сайн талаа харуулж, аж үйлдвэрлэл, барилга байгууламж өмнөхөөс илүү хүчтэй сэргэлт авсан байж магадгүй. Хажуугаар нь хөдөлмөрийн зах зээлийн орчин нөхцлийг чангатгаж, үйлчлүүлэгчийн тав тухыг хангаснаар үйлчилгээний салбар, хөдөлмөр эрхлэлт ч цаашид сайжирсаар байх бололтой” хэмээн Эванс Питчард хэлжээ.

Ахиулаад харвал: Олон улсын вальютын сан БНХАУ-ын эдийн засаг 2021 онд 8.2 хувиар өснө хэмээн тооцоолсон байна. Энэ нь мэдээж АНУ, Европын эдийн засгийн өсөлтөөс хол тасархай дүн юм.

Алибаба боломжийг алдсангүй

Алибаба цахим худалдааны салбарт өрсөлдөгч JD.com-ыг тэргүүлж, Хятадын тэргүүлэх сүлжээ супермаркетуудыг гартаа оруулсан аж. Ингэхдээ тэд Sun art худалдааны групп дэх хувьцаагаа 36 хувиас 72 хувь болгож нэмэхийн төлөө 28 тэрбум хонгконг доллар буюу 3.6 тэрбум ам.долларыг зарцуулсан талаараа Алибаба өчигдөр/2020.10.19/ тайлагнажээ. Цаашид Алибаба үлдсэн хувьцаануудыг худалдаж авахын тулд бусад хувьцаа эзэмшигчдэд таатай санал тавихаар төлөвлөж байгаа гэнэ.

Цар тахлын үеийн болон цар тахлаас үүдсэн ирээдүйн онцгой нөхцөл байдлыг ашиглан БНХАУ-ын хамгийн том цахим худалдааны хоёр компани болох Алибаба, JD.com хоёр ширүүн тулалдаж байгаа аж. Тэд хоёул илүү их худалдан авагч татахын тулд бодит дэлгүүр, цахим платформыг хослуулан хөгжүүлж, улам боловсронгуй болгосоор байгаа юм.

АНУ-ын өр хоёрдугаар дайнаас хойш ийм өндөр байсангүй

АНУ-ын хөрөнгө оруулагчдад төлөх ёстой өр хэд хэдэн салбарт дээд цэгтээ хүрсэн байна. Тухайлбал, олон жилийн турш хуримтлагдсан өр, хугацаанаасаа хэтэрсэн алданги нийлээд дэлхийн хоёрдугаар дайнаас хойш байгаагүй өндөр цэгт хүрчээ.

Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын төрийн сан есдүгээр сараар эцэслэдэг 2020 оны санхүүгийн жилд АНУ-ын алдагдал 3.13 их наяд ам.долларт хүрсэн тухай мэдээлсэн байна. Энэ нь өнгөрсөн санхүүгийн жилийнхээс гурав дахин өндөр тоо юм.

Холбооны төсвийн хариуцлагатай хорооны тооцоолсноор АНУ-ын нийт өр 21 их наяд ам.доллараас давсан нь ДНБ-ий бараг 102 хувьтай тэнцэж байгаа юм. Харьцуулж үзвэл 1946 онд АНУ-ын нийт өр ДНБ-ий 106 хувьтай тэнцэж байсан бөгөөд түүнээс хойш ийм өндөр тоо ажиглагдаагүй билээ.

Онцгой цаг үе: Өдгөө сая сая америкчууд ажилгүй болж, ажил олохын тулд эрвийх дэрвийхээрээ хичээж байгаа тул улам бүр өссөөр буй улсын өр хэний ч санаа зовох эн тэргүүний асуудал болж чадахгүй байна. Энгийн иргэд байтугай амжилттай явсан захирал, ажил олгогчдын хувьд ч гэсэн компанийнх нь үйл ажиллагаа доголдож, өөр зүйлд анхаарах битгий хэл Вашингтоноос дахин нэг удаа санхүүгийн халамж, тусламж үзүүлэхийг шаардаж байгаа юм.

Улсын өр ийм өндөр түвшинд байх нь засгийн газар улс орондоо тулгамдаад буй асуудал, нэн шаардлагатай хэрэгцээг мэдрэхэд болон хангахад асар их саад учруулах билээ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах