Хүний тархины голд ШИНЖЛЭХ УХААНД ТАНИГДААГҮЙ эрхтэн нээжээ

Нидерландын эрдэмтэд нэгэн гайхалтай нээлт хийжээ. Тэд хүний тархинд шүлсний булчирхайн бүлгийг санагдуулам эрхтэн илрүүлжээ.

Олон зуун жилийн турш хүний бие организмын бүтцийг нэгд нэгэнгүй судалсан гэж үзэж байсан бол эрдэмтэд ийм эрхтэн байдаг талаар өнөөг хүртэл мэдээгүй байна. Түрүү булчирхайн хорт хавдартай өвчтөнд хамгийн сүүлийн үеийн PSMA PET/CT аппаратын тусламжтай үзлэг хийх үеэр энэхүү нээлтийг огт санамсаргүйгээр хийсэн байна.

Оношилгооны эл төхөөрөмжөөр авсан томограф зураг дээр залгиурын хойд хэсэгт нэгэн зүйлийг илрүүлжээ.

Хүнд шүлсний булчирхайн гурван бүлэг байдаг ч залгиурын хойд хэсэгт байдаггүй гэж үздэг байсан гэж Нидерландын хорт хавдар судлалын хүрээлэнгийн хавдар судлаач Ваутер Фогель онцолжээ. Хүний биед нэг мянга гаруй зөвхөн микроскопоор харах боломжтой бичил хэмжээний шүлсний булчирхай амны хөндий, амьсгалын замын эрхтэнд тэгш тархсан байдаг гэнэ.

Харин эрдэмтдийн гайхшралыг төрүүлээд буй дөрөв дэх бүлэг шүлсний булчирхай хэмжээгээр том бөгөөд хамрын хойд, тагнайн дээд хэсэгт буюу тархины голд байрладаг байна.

Судалгааны багийн тэргүүн Амстердамын их сургуулийн амны хөндийн мэс заслын эмч Маттейс Вальстарын ярьснаар, эрдэмтэд энэхүү эрхтнийг гуурсан булчирхай гэж нэрлэжээ.

Гуурсан булчирхай PSMA PET/CT аппаратын тусламжтай үзлэгт орсон 100 өвчтөнд бүгдэд нь илэрсэн байна. Түүнчлэн, эрэгтэй, эмэгтэй хүний цогцост хийсэн задлан шинжилгээгээр мөн энэ нээлт батлагджээ.

Radiotherapy and Oncology” сэтгүүлд нийтлэгдсэн судалгааны тайланд энэ эрхтний талаар урьд өмнө ямар ч эх сурвалжид дурдаж байгаагүй гэж онцолсон байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Odod.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах