“Хөвсгөлд байгаа амралтын газар татвар төлдөггүй” гэв

    “Эко соёл сан”, “Хөвсгөл далай ээж нийгэмлэг” ТББ  хамтран Хөвсгөл нуурын ашиглалт, хамгаалалтын асуудлаар “Хөвсгөл нуур хамгаалал” олон талт хэлэлцүүлгийг өнөөдөр /2020.09.22/ зохион байгууллаа.

Монгол орны цэнгэг усны 70 хувь, дэлхийн цэвэр усны нөөцийн хоёр хувийг агуулж буй Хөвсгөл нуур байгаль цаг уурын өөрчлөлт болоод нуур тойрсон аялал жуулчлалын баазуудаас үүдэн  цэнгэг байдлаа алдах эрсдэлтэй байгаа аж. Иймд аялал жуулчлалын төв бүс болох Хөвсгөл далайг хэрхэн зөв ашиглаж, хамгаалах талаар хэлэлцсэн юм.
 

“ХӨВСГӨЛ ДАЛАЙ ЭЭЖ НИЙГЭМЛЭГ” ТББ-ЫН ТЭРГҮҮН, УРГАМАЛ СУДЛААЧ, БИОЛОГИЙН УХААНЫ ДОКТОР Ж.ОЮУМАА:

-Аялал жуулчлалыг хөгжүүлэх, газар олголтыг замбараагүй хийснээс үүдээд байгальд сөрөг нөлөөллүүд үүсэж эхлэсэн. Үүнтэй холбоотойгоор олон байгууллага оролцсон, өргөн хүрээний хэлэлцүүлгийг зохион байгуулж байна. Байгаль, цаг уурын нөлөөгөөр дулаарал явагдаж байна. Үүнийг дагаад хуурайшилт үүсч, ургамлын ургах хугацаа удааширч байна. Мөн байгалийн гэнэтийн үзэгдлүүд, үер усны давтамж ойрын жилүүдэд ихсэж байна гэх мэт байгалийн нөлөө байна. Үүний зэрэгцээ газар олголтыг даацаас нь хэтрүүлээд эмх замбараагүй олгосноос болоод байгальд сөрөг нөлөөтэй зүйлс их хийгдэж байна. Тухайлбал нуурын эргээс 200 метр зайд хамгаалалтын бүс гэж байдаг. Үүнийг ашиглахгүйгээр үйл ажиллагаа явуулах ёстой. Гэвч энэ хамгаалах ёстой газар дээр үйлчилгээний газрууд үйл ажиллагаа явуулж, ашиглаад байгаа юм. Энэ нь нуурандаа нөлөө үзүүлж эхлээд байна. Мөн нуурын ойролцоо сайжруулсан замтай учраас тоосжилт их хэмжээгээр үүсч байна. Ингэхээр нуурын ёроолын чулуу нь тоостой болж, бактериуд үрждэг. Үүнээс үүдэн усны гүний амьтад өөрчлөлтөд ордог. Мөн маш хүчтэй моторт завь олноор явуулснаас болоод загас дайжиж, үргэж байна. Малын нөлөөлөл, дулааралтай холбоотойгоор замагжилт нэмэгдэж байна. Хэрэв энэ хэвээр ашиглаад, нөлөөлөл үүсгээд байвал Хөвсгөл нуур цэнгэг байхаа болиод бохирдож, хүн сонирхохоо байж, жуулчид ирэхээ болино. Тиймээс бид зөвхөн Хөвсгөл нуурт тохирсон эко аялал жуулчлалын стандарт гаргаж өгөхийг хүсч байгаа юм.

ХӨВСГӨЛ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРЫН ДАРГА Х.ГАН-ОЧИР:

-Нуурын эргэн тойронд аялал жуулчлалын зориулалтай 98 бааз байна. Эдгээр газрууд татвар төлөх эсэх дээр бид анхаарал тавьж чадахгүй байгаа. Орон нутагт татварыг оруулах, ашиг орлогыг нутгын иргэдэд хүртэлх асуудлуудыг шат шатандаа тавиад явж байна. Хөвсгөл нуур тойрсон ихэнх амралтын газруудын толгой компаниуд нь Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг. Тиймээс орон нутагтаа татвар төлдөггүй. Одоогоор орон нутагт усны татварын орлого, газар ашигласны татварын орлогууд хууль тогтоомжийн дагуу ордог. Энэ тал дээр өөрчлөлт, татварын хуулийн зохицуулалт хэрэгтэй байна.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах