Э.Бат-Үүл: Нэг хүний засаглал тогтоох ‘хээрийн сургууль’ хийж байна

НИТХ-ын төлөөлөгч Э.Бат-Үүлтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Ерөнхийлөгчийн өргөн барьсан АТГ-ын дарга, прокурор, шүүгчийг ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлөх хуулийг УИХ баталлаа. Энэ хуулийн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Дарангуйлал тогтоох хамгийн шийдвэрлэх, дарангуйллыг эргэлт буцалтгүйгээр тогтоож байгаа ганцхан зүйл нь шүүх эрх мэдлийг авах. Одоо Засгийн газар, хууль тогтоохоо авчихлаа. Дарангуйлал тогтоох шийдвэрлэх үе шат нь шүүх эрх мэдлийг авах. Яагаад гэвэл шүүх эрх мэдэл гэдэг хэнийг хууль ёсны гэж үзэх, хэнийг хууль бус гэж үзэх, хэнийг яллах, хэнийг өршөөх вэ гэдэг эрх мэдэл. Гэхдээ энэ эрх мэдлийг авахдаа дэндүү увайгүй байлаа. Зарим нэг дарангуйлагч ичээд арай өөр газар хүсэлтээ өгдөг. Хууль зүйн яам гэх мэт мэргэжлийн байгууллагад нь хариуцуулах жишээтэй. Нэг үгээр, зарим дарангуйлагчид арай ч ийм улаан цайм хийдэггүй. Тэгсэн манайд бол ичгүүр сонжуургүй, улаан цайм хийлээ шүү дээ. Гурван том улстөрчийн гарт л эрх мэдлийг шилжүүллээ. Яг сая ​Назарбаевтай зэрэгцээд хийж байна. Казахстаны дарангуйлагч Назарбаевтай ижил зүйл хийгээд сууж байна. Гэхдээ Назарбаев ҮАБЗ-д авах асуудлыг 30 жил бэлдсэн. Харин манайх гурван өдрийн дотор л аваад хаячихлаа. Энэ бол дарангуйлал руу шууд явна гэдгийг хэлж байгаа л хэлбэр.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгтэй холбоотойгоор хууль хяналтын байгууллагууд хүнийг эрүүдэн шүүсэн учраас энэ хуулийг баталж байна гэж Хууль зүйн сайд тайлбарлаад байгаа?

-Шүүгч, прокурор эрүүдэн шүүсэн үйл ажиллагаа явуулсан байвал үг дуугүй зайлуулах ёстой. Гэхдээ хуульдаа түүнийг нь тодорхой заах хэрэгтэй. Ерөнхийлөгчийн өргөн барьсан хуулийн төслийг Хууль зүйн байнгын хороогоор хэлэлцээд зөв томьёололтой болгоод оруулаад ирсэн. Шүүгч, прокурор эрүүдэн шүүсэн нь нотлогдсон тохиолдолд ҮАБЗ-ийн зөвлөмжөөр чөлөөлнө гээд Үндсэн хуульдаа ойртуулаад оруулж ирсэн. Үүнийг нь Ц.Нямдорж дэмжсэн. Өөрөөр хэлбэл, Ц.Нямдоржийн хүссэнээр л хийж өглөө шүү дээ. Гэтэл Ц.Нямдорж чуулганд ороод өөрөө эсэргүүцсэн. Үүнийг хараад маш их гайхсан. Тэгээд би сэжиг хүрчихсэн байхгүй юу. Ц.Нямдорж Их хурлын танхимд орж ирэнгүүтээ Аюулгүйн зөвлөлд өгнө гэж дайраад салдаггүй. Мэргэжлийн байнгын хороо нь бас Үндсэн хуульдаа дөхүүлээд оруулаад ирж байхад Хууль зүйн сайд нь байнгын хороон дээр дэмжчихээд чуулган дээр зөв шийдвэр гаргасан хүмүүсээ элдвээр хэлээд Аюулгүйн зөвлөлд өгнө гээд дайрчихсан. Би үүнийг огт ойлгоогүй. Үндсэн хуульд шүүгч, прокурор гэмт хэрэг хийсэн нь нотлогдвол чөлөөлнө гэж байгаа. Үүнийг л тодруулж байгаа юм. Эрүүдэн шүүх чинь гэмт хэрэг шүү дээ.

-Эрүүдэн шүүсэн гэх бичлэгийг олон нийтэд үзүүлэхгүй гэдэг шийдвэрт хүрч байх шиг байна?

-Эрүүдэн шүүсэн бол парламентын гишүүдийн хүрээнд үзүүлээд байгааг би сайн ойлгохгүй байгаа. УИХ-ын гишүүд үзэж болж байгаа бол бүх нийтээрээ л үзэх хэрэгтэй шүү дээ. Хүүхдэд үзүүлж болохгүй гээд л нийгэм даяараа үзэх хэрэгтэй. Яагаад эрүүдэн шүүснээ нуугаад байгаа юм бэ. Эрүүдэн шүүсэн бол түүнийг хүн бүхэн харах эрхтэй. Яагаад УИХ-ын гишүүд харах эрхтэй байдаг юм. Энэ жирийн иргэн, ард түмэнд хамаатай асуудал шүү. Ялангуяа сэтгүүлчдэд маш их хамаатай. Тиймээс энэ бичлэгийг ард түмнээрээ үзэх ёстой. Шаардах ёстой.

-С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргээр ял авсан гурван хүнийг хэрэгтэн гэдэг итгэл үнэмшил танд бий юү. Та бас энэ хэрэгтэй холбоотой гэж хэлүүлж байсан хүний хувьд ямар байр суурьтай байгаа вэ?

-Өөртэйгөө холбоотой зүйлээ л хэлье. Би жирийн иргэдтэй ижил мэдэхгүй байгаа зүйлээ мэдэмхийрч ярьж чадахгүй. Эрүүдэн шүүгээд хүнд хэрэг тулгасан бол тэр бичлэгийг олон нийтэд үзүүлэх хэрэгтэй. Яагаад гэвэл намайг энэ хэрэгт зохиомлоор холбогдуулсан хэргүүд илэрнэ. Тиймээс би маш их баяртай байгаа.

-Шүүх эрх мэдэл гурван хүний гарт оччихлоо. Одоо Үндсэн хуульд өөрчлөлт хийвэл нэг хүний засаглал руу шилжих аюул нүүрлээд байна гэсэн байр суурьтай хүмүүс байна?

-Одоо тэр рүү л явчихлаа шүү дээ. Ердөөсөө л тэр шилжилтийн үе шатуудаа хийчихлээ. Шүүх эрх мэдлийг гартаа авах үйл ажиллагаа нь яагаад Назарбаевтай зэрэгцчих вэ гэдгийг л гайхаад байна. Зориуд ард иргэддээ бид Назарбаев шиг болж байна гэж хэлээд байгаа юм уу. Энэ бол Х.Баттулгын дарангуйлал руу явж байна гэж бодож байна. Ерөнхийлөгчийн дарангуйлал. Үндсэн хуулийг зөрчих хууль өргөн барих ажлыг хамгийн ичгүүргүй хийдэг хүн нь Ерөнхийлөгч болчихлоо шүү дээ. Нэг хүнд зориулсан хууль гаргасан. Нэг удаагийн үйлдэлд зориулсан хууль. Тэр үед нэг хүнд зориулсан хууль баталсныг нь гайхаад байсан чинь шүүх эрх мэдлийг авах гэж л хийсэн байна. М.Энхболдыг огцруулдаг нь шүүх эрх мэдлийг авах хээрийн сургууль болсон байна. Дасгаж байгаад хийчихлээ. Тэр үед нэг ингэсэн жишиг чинь цаашаа явчихна шүү гэж гишүүд хэлж байсан. Яг л явчихлаа.

-Энэ бүхэнтэй тэгээд хэрхэн тэмцэх ёстой юм бэ. Хүлцэнгүйгээр нэг хүний засаглал руу орчих юм уу. Тухайлбал, АН-ын зүгээс хэрхэн дэмжих вэ?

-Ер нь энэ бүгдийг зохион байгуулж, нийгмийн тэмцлийг босгох, нийгмийг зоригжуулах хүч нь АН. Өөр ийм хүч Монголд байхгүй. Намууд нэг зүйлийг ухаарах ёстой. Одоо удахгүй энэ шүүх улс төрийн эрхийг чинь хасна гэдгийг бүх нам ойлгох ёстой. Яагаад эд яараад шүүх эрх мэдлийг авав. Хэнтийн нөхөн сонгууль болох гэж байгаа учраас яарлаа шүү дээ. Одоо Хэнтийн нөхөн сонгуульд МАН ялагдвал шүүхэд өгөх нь байна. Тэгээд шүүх шийдээд л ялагчийг зөвшөөрөхгүй байх нь. УИХ-д Хууль зөрчсөн намуудыг татан буулгана гэсэн хууль оруулна. Шүүхийн шийдвэр гараад л намуудыг татан буулгаж эхэлнэ.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах