​Далай лам: УМ-МА-НИ-БАДМЭ-ХУМ тарнийг дор хаяж мянган удаа уншаасай

Төвдийн буддын шашны тэргүүн XIV Далай лам Данзанжамцын 85 насны төрсөн өдөр өнөөдөр тохиож байна. Далай лам төрсөн өдрөөрөө сүсэгтнүүдэд хандан “Өнөөдөр бол долдугаар сарын 6-ны өдөр. Миний төрсөн өдөр. Цар тахал, хязгаарлалтын улмаас надаас гадна олон хүн төрсөн өдрөө тэмдэглэх боломжгүй болсон. Миний хувьд угаас төрсөн өдрөө тэмдэглэх нь тийм ч чухал ач холбогдолтой зүйл биш. Гэсэн хэдий ч та бүхэн хэрвээ миний төрсөн өдрийг тэмдэглэхийг хүсэж байвал УМ-МА-НИ-БАДМЭ-ХУМ тарнийг дор хаяж мянган удаа уншаасай гэж хүсэж байна” гэжээ.

Тэрээр 1935 оны долдугаар сарын 6-нд Төвдийн Чинхай мужийн захад орших жижиг тосгонд газар тариалан, морины худалдаа эрхэлдэг монгол гаралтай айлын долоон хүүхдийн нэг болон мэндэлжээ. Эцэг, эх нь түүнд Лхамо Тондуп гэх нэр хайрласан байдаг.

Тэрээр 15 насандаа буюу 1950 онд Далай ламд өргөмжлөгдсөн бөгөөд тухайн онд БНХАУ Төвдийг эзэлсэн түүхтэй. Эзлэн түрэмгийлэгчид амь насанд нь заналхийлж байсан тул Далай лам олон мянган дагагчдын хамт Гималайн нурууг даван Төвдөөс Энэтхэгийн хойд хэсгийн Дарамсала руу дүрвэн тэндээ Төвдийн орогнолын Засгийн газрыг тохинуулсан түүхтэй. Тэрхүү цагаас хойш Далай лам Төвдийн тусгаар тогтнол, шашны эрх чөлөөний төлөө тэмцэж, хүн төрөлхтөнд аврал, нигүүлсэл, буддын шашныг түгээн дэлгэрүүлсээр байгаа юм. Дэлхийн энх тайвны төлөө оруулсан хувь нэмрийг нь үнэлэн 1989 онд түүнд Нобелийн энх тайвны шагналыг гардуулсан байдаг.

БНХАУ-ын зүгээс Төвдөд явуулж буй улс төр, шашны бодлогоос хамааран энэ жил 85 насыг зооглож буй XIV Далай ламын хойд дүрийг тодруулах тухай асуудал сүүлийн жилүүдэд дэлхийн анхаарлыг ихээр татах болсон. Далай лам өнгөрөгч оны аравдугаар сард Английн “BBC” хэвлэлд ярилцлага өгөх үеэрээ өөрийнх нь хойд дүр эмэгтэй хүн байх боломжтой ч Хятадын эрх баригчдын тодруулсан хүн байх боломжгүй талаар дурдсан. Харин тэрээр өнгөрөгч сард дахин “BBC” телевизэд ярилцлага өгөх үеэрээ XV Далай ламыг зөвхөн Төвд болон Монголын буддистүүд тодруулна гэж мэдэгдсэн билээ.

XIV Далай лам Данзанжамц 85 насны төрсөн өдрийн баяраа тохиолдуулан хүн төрөлхтний сайн сайхан, амар амгалангийн төлөө өөрийн сургаалуудаас бүрдэх “Inner World” тарнийн цомгийг гаргасан байна.

Эх сурвалж: Reuters

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах