​Д.Чинзориг: Наадмаар Хүй долоо худаг, XIII цогцолбор руу иргэдийг оруулахгүй, телевизээр шууд дамжуулна

Нийслэлийн Засаг даргын тамгын газрын Гадаад харилцаа хамтын ажиллагааны хэлтсийн дарга, үндэсний их баяр наадмын ажлын албаны дарга Д.Чинзоригоос наадмын бэлтгэл ажил, онцлогийн тухай тодрууллаа.

-Наадмын бэлтгэл ажил ямар шатандаа явж байна вэ?

-Өнөөдөр наадмын лого бүрэн батлагдаж гарлаа. Ингэснээр баяр наадмын уур амьсгал оруулж, хотоо чимэглэх ажил хийгдэх юм. Энэ жил “Ковид-19” халдвартай холбогдуулан онцлог байдлаар монгол наадам гэдэг утгыг гаргаж, XIII зуун цогцолборт зохион байгуулж байгаа. Ингэхдээ үзэгчгүй, телевизээр шууд дамжуулалт хийх учраас бэлтгэл ажлууд 80 хувьтай үргэлжилж байна. Хүй долоо худгийн бэлтгэл ажил өнөөдрөөс эхэлж байгаа. Энэ жил телевизүүдийн холбоотой хамтран шууд дамжуулалт хийх телевизүүдийг бүртгэсэн байгаа. Харин наадмын хөтөлбөрийн сценари гараагүй байгаа бөгөөд долдугаар сарын  5-нд гарах байх. Гэхдээ урьд өмнө жилүүдэд зурагтаар үзэж байсантай адил болох бөгөөд гол онцлог нь үзэгчгүй л тэмдэглэн өнгөрүүлэх юм.

-Төсвийн хувьд өмнө жилүүдээс ялгаатай юу?

-Өмнө жилүүдтэйгээ адилхан гурван тэрбум төгрөгт тааруулж, наадмын үйл ажиллагааг зохион байгуулна.

-Бөх, хурдан морь, харваачдын бүртгэлд тоонд хязгаарлалт байгаа болов уу?

-Тийм хязгаарлалт ороогүй. Гэхдээ коронавирустэй холбогдуулан наадмын үйл ажиллагаанд оролцож буй хүмүүс халуунаа үзүүлэх, амны хаалт зүүх зэрэг түр журмаар зохицуулагдахаар болсон. Үүнийг салбар хороод тус тусдаа хариуцаад хийх ёстой.

-Хотоос орох, гарах хөдөлгөөнд ямар хяналт тавих бол?

-Хотоос, орж, гарч байгаа хүмүүсээс хаанаас ирсэн, хаашаа явж байгаа зэргийг асууж, хяналт тавьж, асуумж бөглүүлнэ. Харин Хүй долоо худаг болон XIII зуунд хүмүүс оруулахгүй байх үүднээс  хамгаалалт гаргана.

-Хүй долоон худагт уяач унаач хүүхдийн хамт л орно гэх зэрэг хязгаарлалт байгаа болов уу?

-Морин уралдааны салбар хороо нарийн шийдвэрийг ярилцаж байгаа. Гэхдээ ямартай ч хүн хоорондын харилцаа бага үүсгэх зорилготой ажиллана.

-Морин уралдааны үеэр машин дагуулахгүй гэсэн үнэн үү?

-Тийм. Морины машин, телевизийн 2-3 машин л явахаар болсон.

эх сурвалж: itoim.mn

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах