“MADE IN USA” ҮГҮЙ БОЛНО

Хятадын Коммунист намын эрх баригчид тус улсын бүх төрийн байгууллагуудад гадаад оронд тэр тусмаа АНУ-д үйлдвэрлэгдсэн бүх компьютер, техник хэрэгслээ гурван жилийн дотор солихыг үүрэг болгосон тухай дэлхийн хэвлэлүүд мэдээлж байна. Хятадын Засгийн газрын энэхүү шийдвэр нь “Intel”, “HP”, “Dell”, “Microsoft” зэрэг АНУ-ын үндэстэн дамнасан компаниудад цохилт болох юм. Энэхүү шийдвэрийн дагуу 20-30 сая ширхэг техник хэрэгслийг солихоор болж байгаа юм.

Гэхдээ ихэнх техник хэрэгслүүд АНУ-ын програм хангамжид зориулагдан бүтээгдсэн байдаг тул гурванхан жилийн хугацаанд гадны бүхий л компьютер хэрэгсэл, техник хангамжийг солих нь хүндрэлтэй асуудал гэдгийг мэргэжилтнүүд тайлбарлаж байна.

Уг шийдвэр нь АНУ-ын компаниудад хохирол учруулж шалихгүй ч өөрсдийнх нь хувьд маш том сорилт болно гэж эдитйн засагчид үзжээ.

Хятадын төрийн байгууллагууд Хятадын “Lenovo” компанийн копьютерийг ашиглана гэж таамаглаж байгаа ч түүний процессорын чипийг АНУ-ын “Intel” компани үйлдвэрлэдэг юм. Гэхдээ Хятад улс сүүлийн жилүүдэд өөрийн бичил чип үйлдвэрлэлийн салбарыг хөгжүүлэхэд ихээхэн анхаарал хандуулан ажиллаж байгаа билээ.

Мөн Хятад улсад “Microsoft Windows” үйлдлийн системийг орлох өөрийн гэсэн үйлдлийн систем байхгүй. “Huawei” компани өөрийн “HarmonyOS” үйлдлийн системийг хөгжүүлсэн ч энэ төрийн үйлчилгээнд ашиглаж болох эсэх нь тодорхойгүй байна.

Гадны техник хэрэгслээс ангижрах ажил ерөнхийдөө “3-5-2” гэсэн зарчмаар үргэлжлэх аж. Өөрөөр хэлбэл, 2020 он гэхэд нийт техник хангамжийн 30 хувь, 2021 он гэхэд 50 хувь, 2022 он гэхэд үлдсэн 20 хувийг шинэчилж дуусна гэж тооцоолжээ.

Уг шийдвэр нь Хятадын талаас АНУ-ын хориг арга хэмжээнд үзүүлж буй бодит хариу гэж харж болох ба нөгөөтэйгүүр хоёр улсын хооронд өрнөж буй худалдааны дайн хэрхэн технологийн дайн болон хувирч буйг харуулж байна гэж эх сурвалжууд мэдээлжээ.

АНУ-ын эрх баригчид өөрийн компаниудаа Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг “хар жагсаалт”-д оруулж тус компанид бүтээгдэхүүн үйлчилгээ нийлүүлэхийг хориглосны дагуу тус улсын “Google”, “Intel”, “Qualcomm” зэрэг томоохон компаниуд “Huawei” компанитай тогтоосон хамтын ажиллагаагаа “царцааж” эхэлсэн юм.

“Худалдааны дайны нөлөөгөөр Бээжин олон улсад өөрийн эдийн засгийн сул талаа харуулчихлаа. АНУ-ын зүгээс Хятадыг технологиор “боох” илүү хатуу шийдвэр гаргах юм бол Бээжин гаргасан шийдвэртээ харамсах болно” хэмээн Хонгконгод төвтэй “Adamas Asset Management” санхүүгийн байгууллагын захирал Брок Силверс хэлжээ.

Нөгөөтэйгүүр энэхүү шийдвэрийг Хятадын Ерөнхий сайд Ли Кө Цян болон түүний кабинетийн санаачилсан “Made In China 2025” санаачилгын хүрээнд авч буй арга хэмжээ гэж хэлж болох юм. Хятад улс дэлхийн улс орнуудын үйлдвэрлэлийн төв бус өөрийн дотоодын үйлдвэрлэлийг дэмжиж, илүү чанартай, техник технологийн хувьд хараат бус болох гол зорилготой юм. “Made In China 2025” санаачилгын хүрээнд тус улс нь 2025 он гэхэд эм, хагас дамжуулагч, робот хөгжүүлэлт, эрчим хүч, сансар судлал, автомашин, IT, ХАА-н тоног төхөөрөмж зэрэг өндөр технологийн салбарын үндсэн бүтээгдэхүүний 70 хувийг дотооддоо үйлдвэрлэдэг болохоор чармайж байна. Тиймээс ч Хятадын тал худалдааны дайн нь тус улс дотоодынхоо үйлдвэрлэлийг дэмжих нөхцлийг бий болгож байна гэж харж байгаагаа илэрхийлж байгаа юм.

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Live1.MN хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Side Banner

Мэдээ илгээх

Онлайн туслах